Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд С.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцов.  

Зорилтот бүлгийн иргэдийн 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа аж. Харин гуравдугаар тунд нийт хүн амын 23 хувь буюу 420 мянга орчим иргэн хамрагдаад байна. Үүнээс үүдэн цар тахлын халдварын тархалт эрчимтэй буурахгүй байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлоод  “Хүсээгүй хүндрэлийг даван туулахад хамтдаа зүтгэж, Засгийн газар, УОК-оос  авч хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж буй ард иргэддээ талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс зургаан удаагийн  хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс болоод улсын маань эдийн засаг тодорхой хэмжээгээр агшсан. Энэ бол манай улсын түүхэнд хоёр дахь удаагаа тохиож байгаа үзэгдэл. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 онд эдийн засаг 9.2 хувиар агшсан бол энэ онд 5.6 хувиар агшсан үзүүлэлт гарлаа.

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр нэгэн чухал шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлэн урлаг, соёлын салбарын хоригийг нэг шат чөлөөлж, 50 хувийн дүүргэлттэй ажиллуулахаар боллоо. Хоёр жилийн турш хатуу хөл хориотой байсан үзвэр, үйлчилгээ, спортын арга хэмжээг нээж байна. Харилцан хариуцлагатай байж, өдрөөс өдөрт бие биеэ дэмжиж, үе шаттайгаар эдийн засгаа дэмжиж ажиллах цаг болжээ. Иргэд маань үзвэр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ нэмэлт тунд хамрагдсан байхыг онцолъё. Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 50 хувьд хүрэхэд бид  улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ. Нэг жилийн өмнө нөхцөл байдал, өнөөдөртэй ганцхан зүйлээр ялгаатай. Энэ нь Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй улс болоод байна. Гэтэл вакцины нөөцгүй  улс орон зөндөө бий.

Манай улсын хувьд вакцин тарьж эхэлсэн цагаас хатуу хөл хорио тавиагүй. Хөл хориотой үе түүх болж үлдэж байна. Энэ бүхний эцэст маш энгийн уриалга дэвшүүлж байна. Нэмэлт тундаа эрчимтэй хамрагдъя. Үзвэр үйлчилгээг үзэхээ иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой.

Цар тахал асар том сорилт авчирч байна. Нийгмийн амьдралын хэв маягийг өөрчилж, эдийн засгийг  хүнд байдалд оруулсан. Боловсрол завсардаж, гадаад харилцаа, олон улсын худалдаа, соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг  сааруулав. Тээвэр ложистик 8-9 дахин удааширлаа. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлээд байна.  Монгол Улсаас  хамаарахгүй зүйлс их бий. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Эрээн хот ч хүнсний хомсдолд орсон. Ганц манай улс биш, бусад улсын хувьд Хятадаас авдаг бүтээгдэхүүн тасарч байна. Тэгэхээр вакцинжуулалт бол дэлхий нийтийн асуудал болж байна" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа