Я.Дамдиндорж: Үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүллээ
-Юуны өмнө тайлангаа амжилттай хамгаалж, өндөр үнэлгээ авсан танай хамт олонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэрхэн биелсэн талаар эхлээд ярина уу?
-Манай хамт олон оны эхний 9 сард үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт даалгавруудаа бүрэн биелүүлж ажилласан. Тухайлбал, уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 101 хувиар, төрөл бүрийн тээврийн хэсгийн машин цагийн төлөвлөгөөг 103 хувиар биелүүлсэн. Технологийн үндсэн тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын итгэлцүүр 0,91, парк ашиглалтын итгэлцүүр 0.89-тай байсан нь төлөвлөгөөнөөс 4.7–7.0 хувиар өндөр байна.
-Өртөг зардал бууруулах чиглэлээр хэрхэн ажиллав?
-Цехийн зардлыг төлөвлөгөөнөөс 10.8 тэрбум төгрөгөөр буюу 9.7 хувиар хэмнэж ажилласны дотор материал, сэлбэг хэрэгслийн зардлыг 8.4 тэрбум төгрөгөөр, бусад бүтцийн нэгжээс авах ажил, үйлчилгээний зардлыг 150 сая төгрөгөөр хэмнэж ажилласан.
Технологийн тээврийн хэсгийн нэг км ачаа эргэлтийн өөрийн өртгийг төлөвлөгөөнөөс 1.5 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн нэг машин цагийн өөрийн өртгийг ойролцоогоор 5.4 төгрөгөөр буурууллаа.
-Цехийн зардалд цалин хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Манай ажилтнуудын дундаж тоо 846 байсан ба нэг ажилтны хөдөлмөрийн бүтээмж 101.7 хувиар биелсэн. Ажилтнуудын сарын дундаж цалин ойролцоогоор 3.6 сая төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар өссөн байна. Нийт зардлын 23.8 хувийг цалин эзэлж байна.
-Үйлдвэрийн газраас үзүүлдэг нийгмийн тусламж дэмжлэгийг танай хамт олон хэр хүртэв?
-Хүний нөөцийн тогтворжилтын коэффициент 97.0 нэгж байгаа нь манай ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллаж буйн илэрхийлэл юм. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж байгаа дөрвөн хөтөлбөрт 50 ажилтан хамрагдсан. Нийгмийн тусламж, дэмжлэгийн хүрээнд ирсэн 160 өргөдлийг хүлээн авч хэлэлцэн 154-ийг нь шийдвэрлэсэн. Нийтдээ 631.2 сая төгрөгийг нийгмийн тусламж, дэмжлэгээр олгосон. Мөн хандивын найман аянд нэгдэж, 6.5 сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүллээ.
-Хэдэн машин техник шинээр нэмэгдэв?
-Тайлант хугацаанд үндсэн хөрөнгийн худалдан авалтаар нийт 15.4 тэрбум төгрөгийн машин, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэний дотор БелАЗ-75131 загварын хүнд даацын хоёр автомашин, эмнэлгийн тоноглолтой Старекс загварын нэг автомашин, Комацу фирмийн хоёр бульдозер байна.
-Танай хамт олон энэ оны үлдэж буй хугацаанд ямар зорилттой ажиллаж байна?
-Бид хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Нэгд, үйлдвэрийн газрын батлагдсан төлөвлөгөөний дагуу 27 сая м3 уулын цул тээвэрлэх, хоёрт, ХАБЭА-н дүрэм журмыг чанд сахиж ажиллах, гуравт, хэлтэс, нэгжүүдийн тээврийн хэрэгслийн захиалгын ажлыг чанартай гүйцэтгэх, үйлдвэрийн нийт ажилтныг хуваарийн дагуу аюулгүй тээвэрлэх, дөрөвт, цехийн нийт зардалд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан оновчтой үйл ажиллагаа хэрэгжүүлж, хэмнэлттэй ажиллах, тавд, хөрөнгө оруулалтын ажлыг батлагдсан төлөвлөгөөний хүрээнд цаг хугацаанд нь үндэслэл тооцоотой хийх, зургаад, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын итгэлцүүр, парк ашиглалтын итгэлцүүрийг дээшлүүлэн ажиллана.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл