1241 онд байгуулагдсан Ханновер хотод Д.Тэрбишдагвын ном танилцуулагдав
Нөхөрлөлийн үнэ цэнэ
УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт 1,2 сая хүн амтай Ханновер хотод 2021 оны 10-р сарын 26-нд үргэлжлэв. Ханновер нь Германы Доод Саксон мужийн нийслэл хот юм.
Лайн мөрний эрэг дээр орших энэ хотод болсон уулзалтыг номын зохиогчийн эртний анд Хайно Визе зохион байгуулсан юм.
20 гаруй жилийн тэртээгээс нөхөрлөж байгаа энэ хоёр эрхэм элгэмсэг дотноор тэврэлдэн уулзалдаж, нэг нэгэндээ гүн хүндэтгэл үзүүлэх нь нөхөрлөл тууштай, чин сэтгэлийнх байхын үнэ цэнийг харуулах мэт ээ. Эрхэмсэг төрхтэй энэ герман эр Германы нэртэй улстөрчдийн нэг.
Тэрээр 2004 оны Монгол Улсын УИХ-ын сонгуулийн үеэр манай улсад очиж УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын анхны сонгуулийн сурталчилгааны уулзалтан дээр үг хэлж, дэмжихийг уриалж байсан гэдэг. Тухайн үед сонгуулийн хууль одоогийнх шиг чанга биш, урлаг соёлынхон уулзалт дээр тоглолт хийх, гадаадын иргэн дэмжиж оролцох бүхэн нээлттэй байсан цаг. Хайно Визе ХБНГУ-ын Бундестагийн гишүүн байсан бөгөөд Социал демократ намын бодлого тодорхойлогчдын нэг. Социал демократ намын хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг бөгөөд сонгуулийн менежментийн багийг олон удаа удирдаж байсан туршлагатай. Германы канцлер байсан Герхард Шрёдерын бүх сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, зангидаж явсан улстөрч. Шрёдерийг канцлер байхад төв оффис, ажлын албаны даргаар нь ажиллаж байв.
Одоо Хайно Визе ОХУ-ын Доод Саксоны өргөмжлөлт консулаар ажиллаж байна. Биднийг Ханновер хотод очиход энэ эрхэм туслах ажилтнуудын хамт найрсагаар угтаж, камен зуухтай эртний чамин хийц бүхий ордонд уулзалт, хүлээн авалт хийхээр бэлтгэл ажлыг базаасан байлаа. Энэ удаагийн уулзалтанд голдуу дипломат албанд ажиллаж байгаа хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Номын зохиогч Д.Тэрбишдагва Монгол Улсаас ХБНГУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар томилогдож ирээд ажиллаж байх үеийнхээ дурсамжийг номондоо хэрхэн бичснээ онцлон хуучилсан юм. Тэрбээр “Элчин сайдын яамны хашаагаар л ороход шарилжиндаа баригдсан, газраа алдах дээрээ тулсан, шинэ барилга бариулах гээд гүйцэтгэгч компанид мөнгөө алдаад гацчихсан нөхцөл байдал угтжээ.
Ирэнгүүтээ л герман андуудаасаа тусламж хүсэхээс гадна Монгол Улсын Засгийн газарт бодит байдлыг уламжилж, монголчуудынхаа тус дэмжлэг авчээ. Хагас, бүтэн сайн өдөр гэлтгүй л өөрөө эхнэртэйгээ ханцуй шамлан орж хашааны шарилжийг түүж, чулуун замаа тавьж, монголчуудын өдөрлөг зохион байгуулж, барилгын ажилд туслуулж, Монголоос барилгын ажилтнууд авчирч богино хугацаанд элчин сайдын яамны барилгыг ашиглалтанд оруулж, Герман улс дахь Монголын эзэмшлийн газрыг анх удаа баталгаажуулан гэрчилгээ авч, хүлээн авалт хийж, Монгол Улсын элчин сайдын яам нээлттэй ажиллахаа зарлаж байлаа” хэмээн ярилаа. Гэтэл тэр үед элчин сайдын яамны ажилтнуудаас Монгол Улсын Гадаад хэргийн яаманд “Дипломат илгээсэн юмуу, диктаторч томилсон юмуу” хэмээн матаас хүртэл очиж байжээ.
Гэвч ажил нь гавихгүй, нэр хүнд муудсан элчин сайдын яамны ажлын төлөө л тийнхүү шургуу ажилласан тухайгаа тэр үеийн Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун гуай шинэ элчин сайдын шаргуу хөдөлмөрлөж буйг үнэлсэн учир заргыг авч хэлэлцээгүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй Германы “Дипломат магазин” сэтгүүл тухайн 2003 оны 4-р сарын шилдэг элчин сайдаар зарлагдаж байсан гэж дурсав. Улсаа төлөөлж ирсэн дипломатч хүнд унтах зав, олон улс хот хэсэн зугаалах цаг, биеийн амрыг харах боломж байдаггүй юм гэхэд Ханновер хотын номын уулзалтанд ирсэн оролцогчид алга ташиж харагдав.
Уулзалтын төгсгөлд хүрэлцэн ирсэн хүмүүс номон дээр гарын үсэг зуруулж, зургаа хамтдаа авахуулж, Монголд зочилж, морь унаж, бөөгийн зан үйл сонирхоно, хэрхэн аялал хийж болох тухай асууж, ярьцгааж байлаа. Ном танилцуулгын албан хэсэг дуусаж, танхимын хоймор орших камин зуухны галын дөл халуун илчээ түгээхийн зэрэгцээ хундага дарс тулган, амжилт хүссэн ерөөлийн үг үргэлжилсээр энэ удаагийн номын уулзалт өндөрлөв.
Номын зохиогч Д.Тэрбишдагва “Номын уулзалтыг маань сэтгэлээ гарган зохион байгуулсан анд Хайно Визе болон түүний ажлын хэсгийнхэнд баярлалаа. Ийнхүү Германы Доод Саксоны төв нийслэлд ном маань галын илчтэй хамт улам халуун дулаан уулзалт болголоо. Монгол хүн “галын дөл өөдөө” гэж бэлэгшээдэг шиг Монгол эх орон, монголчуудын талаарх мэдлэг номоор дамжин улам дэлгэрэх болтугай” хэмээв.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Д.Доржпагма
Сэтгэгдэл