Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад технологийн шийдлийг боловсруулах, нэвтрүүлэх зорилгоор замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна.

Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлын тооцоо, судалгааг хийж буй. Тухайлбал, орчин үеийн ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан камерын системийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нутагшуулах зорилгоор 30 хоногийн туршилт, ажиглалт хийв. Уг ажлыг өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зам тээврийн асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагуудтай хамтран Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хийж гүйцэтгэлээ.

Туршилтыг хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын 10 дүрмийг хиймэл оюун ухаанд сургаж, Баянгол дүүрэг “Гранд плаза”-гийн уулзварт зөрчлийг илрүүлсэн юм. Туршилтын үеэр  жолооч нар нэг минутад 10-12, хоногт 2500-3000 зөрчил гаргаж байсныг илрүүллээ. Нийт зөрчил илрүүлэлт 95 хувьтай гарсан байна. Энэ нь зөвхөн нэг уулзварт илэрсэн зөрчил бөгөөд бусад уулзварт ч мөн тооны зөрчил гардаг гэсэн үг юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр авто замд ачаалал үүсэхээс гадна цаашлаад иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирох эрсдэлийг бий болгож байдаг.  Системүүдийг туршиж үзсэний үр дүнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж, хянах, удирдах бүрэн  боломжтой  нь харагдаж байна.

Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлснээр

  • Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг хянаж сайжруулах,
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, дундаж хурдыг мэдэх,
  • Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд авч, дүн шинжилгээ хийх,
  • Замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт тавих
  • Татвар төлөлт, даатгалд хамрагдсан эсэхэд хяналт тавих боломж бүрдэх юм.

Мөн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад “Смарт кар” системийг ашиглаж, цоо шинэ дэвшил гаргахаар зорин ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем буюу www.smartcar.mn  цахим хуудсаар дамжуулж 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг билээ.

Цаашид “Смарт кар” аппликэйшнд шинэчлэл хийснээр гарах давуу талууд:

  • Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
  • Засвартай болон түр хаасан замын мэдээллийг урьдчилан авч, цаг заваа хэмнэнэ.
  • Авто зогсоолын байршлаас гадна сул зогсоолын мэдээллийг харах боломжтой. Мөн авто зогсоол ашигласан төлбөрөө төлөх боломжтой.
  • Нийтийн тээврийн зорчилт, чиглэл, ачааллын мэдээллийг харах боломжтой. Ингэснээр та гэрээсээ гарахаасаа өмнө замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн мэдээллийг аппликэйшнээр цаг алдалгүй хүлээн авах юм.
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, зам тээврийн ослын мэдээллийг хүлээн авах боломжтой.
  • Таны албан журмын даатгалын хугацаа дууссаныг сануулна.
  • Машинд гэнэтийн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд танд хамгийн ойр авто засварын газар, сэлбэгийн худалдааны төвийн байршлыг харуулна.
  • Татвар, торгууль, даатгал зэрэг автомашинтай холбоотой бүхий л төлбөр, хураамжийг тээврийн хэрэгслийн нэгдсэн системээр төлнө.
  • Замын хөдөлгөөний зөрчлийг дүрсжүүлэн мэдээлэх боломжтой. Үүнээс гадна авто замын эвдрэл гэмтлийн талаарх санал, гомдлоо илгээж шийдвэрлүүлээрэй.
  • Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийн мэдээллийг аппликэйшнаар харах боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа