НЗДТГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран “Шар дарцаг” аяны талаар мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд нэг сарын хугацаатай өрнүүлэх юм.

Тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэсэн юм. Түүнчлэн аяны хүрээнд шар дарцаг хэрэглэх таван алхамт үйлдлийн зурган болон бичгэн заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг сургууль, цэцэрлэгүүдэд хүргэжээ.

Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, машин руу дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэрлэн дохиогүй 45 гарцад шар дарцгийг байрлуулжээ.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Шар дарцаг” аяныг хэрэгжүүлснээр ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэж тооцож байгаа. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч нарыг тус аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” хэмээв.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат “Энэ оны эхний 10 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол улсын хэмжээнд 371 гарч, улмаар 40 хүүхэд амиа алдсан. Нийт осол хэргийн 193 нь Улаанбаатар хотод гарсан тоон мэдээлэл байна. Энэ оны эхний 10 сарыг өнгөрсөн оны 10 сартай харьцуулж үзэхэд, осол нийслэлд 30 гаруй хувь буурсан үзүүлэлт гарсан. Долоо хоногт нийслэлд дунджаар 25 хүүхэд зам, тээврийн осолд өртөж байна. Тус аян эцэг эхчүүд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, жолооч, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэй хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн” хэмээн ярилаа.

Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд 340 мянган хүүхэд,  цэцэрлэгт 84 мянган хүүхэд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, нийслэлд гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Шар дарцаг хэрэглэх таван алхамт заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг мөрдсөнөөр хүүхэд, багачууд зам, тээврийн осолд өртөх магадлал 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтой” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа