- Сэтгүүлч
- 2021/11/12
- 393
Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүлэв
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/837 дугаар “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” захирамж гарсан. Энэ дагуу нийслэлд амьдарч байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг өчигдөр нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газар нь гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд 602 орон сууцны 1315 орц, хонгил, 12 барилга байгууламж, хүнсний долоон зах, худалдааны төв, дулааны 52 худаг, хоёрдогч түүхий эд авах цэгт үзлэг шалгалт хийж, гэр оронгүй 239 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлжээ. Тэднээс 96 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 118 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус таван байгууллагад байршуулсан бол 24 иргэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээс сүрьеэ, ДОХ, тэмбүү, элэг, цусны ерөнхий шинжилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээ авч, цээжний рентген зураг авсны сацуу сэтгэцийн эрүүл мэнд, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Дээрх иргэдэд “Ковид-19” цар тахлын түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийхэд 238 иргэний хариу сөрөг гарчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл