Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

 Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж шинээр 9 хороо байгуулан нийт 33 хороотой болж байна. Харин  Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж шинээр 15 байгуулж бөгөөд тус дүүрэг нийт 43 хороотой болно гэсэн үг.  Чингэлтэй дүүргийн хувьд одоо байгаа 19 хорооноос 5 хороог хувааж шинээр 5 хороо нэмж байгуулах юм. Ингэснээр нийслэл хот нийт 200 хороотой болно гэдгийг тэрбээр хэллээ. Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “ Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна. Шинээр 30 хороог байгуулахад урьдчилсан тооцооллоор нэг удаагийн зардалд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо гарсан” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Д.Гантулга иргэд төрийн үйлчилгээг хороодоос илүү дүүргээс авдаг тул засаглал талаасаа эхлээд хэт их хүн амтай дүүргийг хуваах асуудлыг ярих ёстой хэмээн байр сууриа хэллээ.

Гэхдээ дүүрэг хуваах асуудлыг Улсын Их Хурлаас шийдвэрлэдэг бөгөөд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, бүртгэл мэдээлэлтэй холбоотой төрийн үйлчилгээг иргэд хорооноос авдгийг Засаг даргын орлогч онцлов.  Улмаар Тэргүүлэгчдийн олонх нь хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг дэмжив. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа