“Тавантолгой” ХК-ийг 2021 оны “Шилдэг ил тод компани”-аар шалгарууллаа
Эдийн засгийн суурь салбарын эд эс болсон уул уурхайн компаниудаас орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг 2021 оны ШИЛДЭГ ИЛ ТОД компаниар шалгарууллаа.
Тус шагналыг “Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Ганболд орчин үеийн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг угтан УУХҮЯ-аас зохион байгуулдаг оны шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах арга хэмжээний үеэр гардаг авлаа.
Шилдэг аж ахуйн нэгжүүдэд батламж гардуулах ёслолын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон цар тахалтай бэрх цаг үед улс орныхоо ачааны хүндийг үүрсэн уурхайчдадаа талархаад, ирэх жил уул уурхайн салбарын 100 жилийн ой тохиож буйд бэлгэшээж байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын томоохон бодлогын баримт бичгүүд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд энэ Засгийн газар уул уурхайн салбарт нээлттэй, либерал бодлого баримталж, хөрөнгө оруулалтын орчныг улам сайжруулахаар зорьж буйг тэрбээр онцлоод дараах аж ахуйн нэгжүүдийг оны шилдэгээр батламжлав.
- 1. Геологи-хайгуулын шилдэг байгууллага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
- 2. Шилдэг технологи нэвтрүүлэгч: “Орика монголиа” ХХК
- 3. Тэргүүний нөхөн сэргээгч: “Уулс заамар” ХХК
- 4. Шилдэг ханган нийлүүлэгч: “Мера” ХХК
- 5. Шилдэг зураг төсөл зохиогч: “Рояал рэнж” ХХК
- 6. Шилдэг туслан гүйцэтгэгч: “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК
- 7. Шилдэг ил тод компани - “Тавантолгой” ХК
Энэ жилийн шалгаруулалтын хувьд “Шилдэг ил тод компани” гэсэн ангилал шинээр орж ирсэн бөгөөд УУХҮ-ийн Сайдын 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/289 тоот тушааалд заасны дагуу шалгарууллаа. Ингэхдээ Монголын ОҮИТБС-д өгсөн ил тодын тайлангийн сүүлийн гурван жилийн үзүүлэлт, шилэн данс хөтлөлт, худалдан авалтын мэдээллээ компанийн цахим хуудсаар нээлттэй мэдээлсэн эсэх зэрэг мэдээллийн ил тод байдлыг нь үндэслэн олгосон юм. “Тавантолгой” ХК-ийн хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд ил тодын нэгтгэл тайлангаа тасралтгүй өгсөн бөгөөд хараат бус хянан нэгтгэлийн дараа тайлангийн зөрүү хамгийн багатай байжээ.
Монголын ОҮИТБС-ын цахим тайлангийн системд сүүлийн гурван жил ил тодын тайлангаа тууштай өгсөн нийт 28 компани бүртгэлтэй байна. Эдгээр компанийн тайлагналын зөрүүг доорх дүрслэлд үзүүлэв.
Д.Ганболд: Ил тод байгаадаа ямагт бахархаж явдаг
Энэ оны шилдэг ил тод компаниар шалгарсан “Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Ганболдтой шагнал гардуулах үйл ажиллагааны дараа цөөн хором ярилцлаа.
-Монголын ОҮИТБС-ын цахим тайлангийн системд 4000 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч бүртгэлтэй байдаг. Тэдгээрээс шигшигдэж “Шилдэг ил тод компани” болсонд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ хуваалцана уу?
-Юуны өмнө ийм том шагнал авсандаа манай компанийн хамт олон маш баяртай байна. Бид өнөөдөр шинэ жилээ тэмдэглэж байгаа. Баяр дээр маань баяр нэмлээ. Манай хамт олон жил оны шилдэг болж, УУХҮЯ-наас шагнал авдаг. Заримыг нь олон дахин авсан удаа ч бий. Гэхдээ өмнө нь “Шилдэг ил тод компаани” гэдэг шагнал байгаагүй шүү дээ. Бидний хувьд анх удаа өгч буй энэ шагналын эзэн болж байгаадаа баяртай байна.
Манай компани анх 2008 онд Монголынхоо нүүрсийг экспортод гаргаж байснаараа бахархдаг. Энэ замналаа эргээд харахад нэлээд том ажил байж. Улс болон аймгийн төсөвт татвар хураамж төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг нь байж болох хамгийн дээд хэмжээнд л тарааж ирсэн. Ийм ил тод байгаадаа бид ямагт бахархаж явдаг. “Тавантолгой” ХК бол 20 гаруй улсын 2600 гаруй хувьцаа эзэмшигчдээс бүрдсэн, төрийн болоод хувийн хэвшлийн хамтарсан орон нутагт бүртгэлтэй компани. Бид орон нутгийнхаа төсвийн 70 хувийг бүрдүүлдэг. Ямар ч байсан улсын ачаанаас нэг ч гэсэн аймгийг хөнгөлдөг.
-“Тавантолгой” ХК-ийн хувьд ил тод байдлыг хангах нь хэр зэрэг чухал вэ?
-Маш их ач холбогдолтой. Бид Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Өмчлөлийн хувьд 51:49 гэсэн харьцаатай, төрийн өмч давамгайлсан компани. Энэ олон жилийн турш компанийн засаглалын хувьд маш зөв бүтцээр үйл ажиллагаа явуулж байгааг цаг хугацаа харуулж байна. Бусад компани эрсдэлд ордог, дампуурдаг. Манайх бол байнгын өсөлттэй явдаг. Хэдийгээр сүүлийн хоёр жил цар тахлын улмаас нүүрсний экспорт багассан ч гэсэн компанийн тайлан баланс эерэг байгаа. Энэ нь компанийн нэлээд олон төлөвлөгөө биелээгүй боловч ажилчдын маань амьдрал ахуй, үндсэн суурь үзүүлэлтүүд хэвийн байгаа гэсэн үг.
-Уул уурхайн компаниуд тогтвортой үйл ажиллагаа явуулахад орон нутагтай ойлголцоно гэдэг их том сорилт байдаг. Компани ил тод байдлаа сайжруулснаар тэрхүү сорилтыг даван туулахад ямар ач холбогдолтой гэж та боддог вэ?
- Ил тод байдал гэдэг бол уул уурхайн компанийн үйл ажиллагааны маш чухал зарчмын нэг. Бид компаниа аймагтаа сурталчилдаггүй. Гэхдээ компани дотор ил тод засаглал явж байдаг. Тэр ч утгаараа янз бүрийн авлига, албан тушаалын асуудлаас ангид байдаг. Үүний зэрэгцээ орон нутгийн иргэдтэйгээ маш нягт холбоотой ажилладаг. Манай компанийн төрийн өмчийн талаас тавигдаж байгаа ТУЗ-ийн гишүүд маань орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчид байдаг. Энэ нь нийгмийн хариуцлага, ил тод байдлын хүрээнд маш олон ажил хийж, нээлттэй байхад их нөлөөлдөг. Энэ жилийн хувьд 300-аад оюутны сургалтын төлбөрийг дааж байна. Олон жилийн турш ингэж явж ирснийг орон нутгийн иргэд маань мэддэг. Бид ч мэдээллээр сайн хангахыг хичээдэг. Ингэж л ажиллаж ирсэн.
Сэтгэгдэл