- Сэтгүүлч
- 2021/12/30
- 384
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат цол хүртээлээ
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дипломат цол хүртээх тухай зарлиг гаргалаа.
Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, нэр бүхий дипломатуудад Монгол Улсын Ерөнхийлөгч дипломат цол хүртээж, цолны тэмдэг, “Алтан гэрэгэ”-ийг гардуулав.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг:
- Элчин сайд асан Равдангийн Болд,
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт Нямсамбуугийн Буяндэлгэр,
- “Монголын Элчин сайд нарын клуб”-ийн ерөнхийлөгч Доржпаламын Гэрэл,
- Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх Жанчивдоржийн Ломбо,
- Ахмад дипломатч Готовдоржийн Луузан нарт тус тус хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ монгол төрийн алтан аргамж болсон дипломат алба нь үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлыг олон улсын эрхзүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангадаг амин чухал салбар гэдгийг онцоллоо. Мөн төр түмний итгэл найдвар, төрийн эрхэм дээд цолыг дагаж ирсэн үүрэг хариуцлагаа улам өндөрт өргөж, өөрсдийн хуримтлуулсан арвин их мэдлэг туршлагаа залуу хойч үедээ зааж сургахын зэрэгцээ улс эх орондоо улам их зүйл хийж бүтээхийг хүсэв.
Сэтгэгдэл