- Сэтгүүлч
- 2022/01/06
- 695
ШӨХТГ: “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-д 9.1 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд шинэ автомашины импорт, жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.
Уг хяналт шалгалтаар Япон Улсын Тоёота мотор корпорацийн Монгол Улс дахь онцгой эрхт дистрибьютер болох “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийн Өрсөлдөөний хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгасан.
Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар суудлын шинэ автомашины импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч “Тоёота сэйлс монголиа” ХХК нь “Мөнххада” ХХК-тай, “Таванбогд” ХХК-тай тус тус байгуулсан дилерийн гэрээгээр “Таванбогд” ХХК, “Мөнххада” ХХК болон тэдгээрийн харилцан хамааралтай этгээдийг аливаа моторт тээврийн хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, багаж хэрэгсэл, дагалдах хэрэгслийг боловсруулах, үйлдвэрлэх, ханган нийлүүлэлтээр худалдан авах, жижиглэнгийн худалдаа, бусад хэлбэрээр борлуулах үйл ажиллагаа явуулахыг хориглож, тус хоригийг зөрчсөн тохиолдолд “Таванбогд” ХХК, “Мөнххада” ХХК нь “Тоёота сэйлс монголиа” ХХК-д учирсан аливаа алдагдал, хохирлыг нөхөн төлөх, гэрээг цуцлах нөхцөлийг зааж өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгаж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон.
Иймд “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийн дээрх үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.1 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл