“Иргэний мэдэх эрх” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт зөвлөгөөн 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд боллоо. 21 аймгийн  70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон уг уулзалтаар тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

УИХ-ын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос хамтран зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт уулзалтын хүрээнд  оролцсон сэтгүүлчид тулгамдсан асуудлаа хэлэлцэхээс гадна Монгол Улс дахь хүний эрхийн түгээмэл зөрчлүүд, Орон нутгийн түвшин дэх авилгын нөхцөл байдал, Монголын үндэсний өв соёлыг хамгаалах, хөгжүүлэх үйлсэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо зэрэг сэдвээр илтгэл сонсож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус уулзалт зөвлөгөөнд хүргүүлсэн мэндчилгээндээ “Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсөвт үндэсний контентийг бий болгох, хөгжүүлэх зорилгоор тодорхой төсөв батлагдсан. Төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, студи, редакц оролцох бүрэн боломжтой гэдгийг онцолсон байлаа. УИХ-ын даргын мэндчилгээг Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц уншиж танилцуулсан юм.

АТГ-аас өгсөн мэдээллээр 2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт 1331  хэрэг байгаагийн 669 буюу  50,3 хувь нь орон нутгийн холбогдолтой хэрэг байжээ. Тэр хэрээрээ орон нутагт авилга, хүнд сурталтай холбоотой асуудал анхаарал татахуйц асуудал цөөнгүй байдгийг оролцогч сэтгүүлчид хөндөж байлаа.

Мөн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургалч байдлыг бий болгох, иргэн өөрт хамааралтай мэдээ мэдээллийг сонгон авах, хэвлэл мэдээллийн зах зээлд төр давуу эрх эдлэхгүй байх зэрэг Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон үзэл санааг хэрэгжүүлэхэд орон нутгийн сэтгүүлчид манлайлан, хамтран оролцох хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд зааснаар төр өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн  байгууллагатай байхыг хориглосон ч  аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар дэргэдээ хэвлэлийн албадтай байдаг нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа