- Сэтгүүлч
- 2022/01/27
- 441
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавраар үүрэг болгосон хөгжлийн хязгаарлагч хүчийн зүйлсийг шийдвэрлэх ерөнхий цогц төлөвлөгөөг үүрэг өгсөн хугацаанд боловсруулж, танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.
- “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг баталлаа. Тус газар нь шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, Засгийн газрын харьяа байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын оролцогч талуудыг уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй байна.
- Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оролцсон талаар танилцуулга хийлээ. Гүний уурхайн огтлох малталтын анхны тэсэлгээг хийснээр үйл ажиллагаа нь эхэлж, гүний уурхайг 2023 оны эхний хагаст ашиглалтад оруулах бодит нөхцөл бүрдлээ.
- Газрын тосны бүтээгдэхүүний импортын олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хилийн зурваст дахь (хавсралтаар заасан) байршил, газрын хилийн заагийн солбицол, талбайн хэмжээ бүхий газруудыг газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих агуулах барих зориулалтаар ашиглахыг зөвшөөрлөө.
- Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулга хийлээ.
- Төмөр-Очирын Ням-Очирыг Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл