Улсын Их Хурал (УИХ)-ын  2020 оны ээлжит сонгуульд оролцсон зарим нам, эвслийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.06.29/ хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтад оролцсон нам, эвслүүд “Шударга сонгууль” нэртэй ажлын хэсэг байгуулсан гэдгээ, мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр гарсан хэд, хэдэн хууль бус гэх үйлдлийг шүүх, прокурорын байгууллагаар шалгуулах хүсэлтээ танилцуулж, өргөдөл гомдлоо удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулна гэлээ.

Тэд мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх хэргүүдийг шалгахад өөрсдийн төлөөллийг оролцуулах хүсэлтээ хэлж, цаашид сонгуулийн хууль, тогтоомжийг нэр дэвшигч бүрт нэг гарааны, ижил тэгш байхаар батлах, мөрдөх хэрэгцээ шаардлагатай байгаа зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Тухайлбал, энэ удаагийн сонгуулийн дүнд, МАН-ыг оролцуулахгүйгээр нам, эвслүүд нийт сонгогчдын 54 хувийн санал авсан статистик гарсан.

Гэвч, сонгогчдын олонхын санал авсан нам эвслүүд УИХ-ын цөөнх болж, цөөнхийн суудал авсан нь олонх болж байгаа нь сонгуулийн систем, хууль тогтоомжийн тэгш бус байдлыг илэрхийлж байгаа гэлээ. Мөн энэ жишээ нь зарим нам эвслүүдийг нэгдэж, нягтарч, хамтран ажиллах ёстойг сануулсан хэрэг боллоо хэмээн санал нэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслүүдийн өгч буй өргөдөл, гомдлыг хүлээн авч, танилцсаныхаа дараа хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийлэв.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Та бидний эвслийн дарга Н.Энхбаяр, Шинэ эвслийн дэд дарга Ц.Баттуяа, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх нарын хүмүүс оролцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа