Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцлээ.

Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн хүрээнд өнгөрсөн онд гурван томоохон ажлыг төлөвлөсөн нь биеллээ олсон юм. Тодруулбал, байгалийн хийн хоолойн зурвас газрыг тодруулах, ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах, Тусгай зориулалтын компанид шаардлагатай зөвшөөрлүүдийг олгох байсан нь бүрэн дуусаж, дараагийн шатны ажил руу ороход бэлэн болоод байна.

Энэ онд уг төслийн хүрээнд инженер геодези, инженер экологи, инженер археологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй аж. Уг ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан бөгөөд арваннэгдүгээр сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан төслийн багийнханд хандаж Монгол Улсын Засгийн газраас ажлын үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид гарах хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь шийдвэрлэж, төслийг цаг алдалгүй үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн юм.

Харин Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич “Бид өнгөрсөн жилийнх шиг хурдаар ажиллавал энэ онд илүү үр дүнд хүрэх боломжтой” хэмээгээд Монгол Улсын Засгийн газраас уг төслийг дэмжин ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа