Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгуулав.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим хөгжлийг дэмжих багц 5 хуулийг өнгөрсөн намрын чуулганаар УИХ-аар хэлэлцэн баталсан. 2022 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсад мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн тусгай бүс байгуулах, тус бүсэд үйл ажиллагаа явуулахтай холбоотой харилцааг зохицуулах хуулийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Монголын электрон спортын холбоо, Монгол Валли, Аеро сити, Сиркл парк зэрэг улс орны эдийн засагт нөлөө үзүүлэхүйц төслүүдийн болон бусад хувийн хэвшлийн саналуудыг тусгах зорилгоор Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд бодлогын зөвлөл байгуулахаар өнөөдрийн уулзалтаар шийдвэрлэж, санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Д.Цогтбаатар болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа Монгол улсад мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг  санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байдаг. Хуулийг батлан хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, салбарын стартап компаниуд үйл ажиллагаагаа явуулах таатай орчныг бүрдүүлж, юникорн компани болох нөхцөлийг нээх эрх зүйн орчныг бий болгон валютын урсгалыг Монголдоо төвлөрүүлэх боломжтой болох юм.

Цахим шилжилтийг дэмжих багц 5 хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тусгай бүс бий болгох, мэдээллийн технологийн цаашдын хөгжил, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан бодлогын зөвлөл манлайлан ажиллах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа