Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр /2020 оны 6 дугаар сарын 30/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүллээ.

Сонгуулийн дүнг өргөн мэдүүлэхдээ Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу амжилттай зохион байгуулж явууллаа.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллалаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст  халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаа.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийлээ.

2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2 сая 3 мянга 969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө.

Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээс зөрөөгүй байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдол гаргасан 12 тойргийн 164 хэсэгт 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нэмэлт хяналтын тооллого явуулсан бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн саналын хуудасны тэмдэглэлтэй тохирч, зөрүү гараагүйг аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирүүлсэн тайлан мэдээнд дурдсан байна.

Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Намаас – 62, Ардчилсан Намаас – 11, “Та бидний эвсэл”-ээс – 1, “Зөв хүн электорат” эвслээс – 1, бие даан нэр дэвшигч – 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар санал хураалтын дүнг нэгтгэн сонгуулийн дүнг гаргаж, тойрогтоо хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү буюу нийт 76 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олголоо.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд өргөн мэдүүлж байна” гээд өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа