Соёлын сайд Ч.Номин өчигдөр утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад, хүүхдийн зохиолч, утга зохиол шүүмжлэгч, уран зохиолын орчуулагч зэрэг утга зохиол, ном хэвлэлийн салбарын төлөөллүүд оролцов.

Статистик: Соёлын яамнаас гаргасан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаанд дурдсанаар 1133 зохиолч, 46 хэвлэлийн газар, 300 хэвлэлийн үйлдвэр, 365 номын сан, 238 номын дэлгүүр худалдаа, 2 цахим номын худалдаа үйл ажиллагаа явуулж 2020 онд 124.5 тэрбум төгрөгийн орлого олжээ.

“Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын тэргүүнд Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд Соёлын яам утга зохиол, ном хэвлэлийн салбарын статистик, тоо баримтыг нэгтгэсэн бөгөөд салбарын төрийн бодлогыг бүрэн хэмжээнд тодорхойлохын тулд салбарынхантай уулзалт зохион байгуулж байгаа юм.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин “Өнгөрсөн онд Соёлын яам соёлын салбарын иж бүрэн судалгааг хийж дуусгасан. Энэ хүрээнд өв соёлдоо тулгуурласан 12 салбар, 98 чиглэлээр салбарын хүрээг тодорхойлж, салбар бүрд тохирсон Төрийн бодлого гаргаж байгаа. Кино урлаг, Дүрслэх урлагийн салбарын бодлогууд гарч, салбарын хэмжээнд хууль тогтоомжийн шинэчлэл, эрх зүйн таатай орчин бүрдэж байна. Үүн шиг салбар бүрийнхэнтэй уулзалт зохион байгуулж, бодлогоо нэгтгэхийг зорьж байна. Энэ хүрээнд өмнө нь утга зохиолын салбарынхантай уулзаж байсан. Энэ удаад илүү тодорхой зорилготой ажиллахаар энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байна” гээд салбарынхантай ярилцлаа.

МУСГЗ, Чингис хаан одонт, зохиолч яруу найрагч Г.Мэнд-Ооёо уран зохиол бол дуу, театр, кино гээд олон салбарын анхдагч нь хэдий ч төрөөс сүүлийн 30 жилийн хугацаанд энэ салбарыг орхигдуулсан тул хур асуудал үүссэн гэлээ. Тухайлбал, XX зууны бидний түүхийг бүхлээр нь агуулж үлдсэн маш их өв, дурсамжийг агуулж байгаа бүтээлүүдийг төрөөс хэрхэх нь тодорхойгүй, утга зохиолын үндэсний өвийг хамгаалах орон зайгүй болсон зэрэг томоохон асуудлаас эхлээд үндэсний уран зохиолыг гадаадад өрсөлдүүлэх боломж хязгаарлагдмал, утга зохиолын фондгүй, утга зохиолын мэргэжлийн орчуулагч цөөрч байгаа зэрэг олон асуудал байгааг хэллээ.

Үүний адилаар утга зохиол, ном хэвлэлийн салбарт шийдвэрлэх хэрэгтэй олон асуудал байгааг бусад зохиолч, орчуулагч нар хэлсэн бөгөөд урт хугацааны турш үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд ойрмогхон уулзаж ярилцаж, энэ салбарт төрөөс баримтлах бодлогыг маш тодорхой болгох хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд, Соёлын сайд Ч.Номин утга зохиол, ном хэвлэлийн салбарт баримтлах төрийн бодлогыг тодорхой болгохын тулд салбарын төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж, баримт бичиг боловсруулах ажлыг эхлүүлэхээр болов.

Уулзалтад, МУСГЗ, Чингис хаан одонт, зохиолч яруу найрагч Г.Мэнд-Ооёо, “Суут нууц” номын зохиогч Д. Дамдинжав, “Мөрөөдлийн байшин” номын зохиогч Б.Ганчимэг, “Тэнгэрт өлгөөтэй бяслаг” номын зохиогч О.Сундуй, “Араг үүрсэн хавар” номын зохиогч Н.Минжинсайхан, “Цагаан бороо” номын зохиогч Б.Номинчимэд, “Энэ цагийн шүүмж” шүүмж судлалын 3 боть гаргасан доктор Д.Цэвээндорж, “Современные монгольские рассказы”, “Орчин үеийн оросын үргэлжилсэн зохиол” номын орчуулагч О.Чинбаяр нарын төлөөлөл оролцов гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа