“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хувьчлал нэрээр үнэгүй авсан "Эрдэнэт Медипас" эмнэлгийг төрд буцаан авах ажлын хүрээнд газар дээр нь ажиллав. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтйн газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг Эрдэнэт ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнд танилцуулж, одоогийн ханшаар 120 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн цогцолборыг хүлээлгэн өгөв.
Шадар сайд С.Амарсайхан “Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшил шилжүүлж авсан ч ямар ч төлбөр төлөөгүй. Уг эмнэлгийг хувьийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийгдсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Үүгээр барахгүй Эрдэнэс үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээр ажлыг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэлээ.
Энэ үеэр”Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Иж бүрэн цогцолбор эмнэлэг хүлээн авч буй энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийн захиралын хувьд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтанг цаашид бүрэлдэхүүнээр нь ажиллуулах, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тухай 95 дугаар тушаал гаргасан. Одоо бид цаашид тус эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн ажиллах хариуцлагатай үүрэг хүлээж байна" гэсэн юм.
Медипас эмнэлэг нь 8 тасаг, 1 төв, 7 алба, нийт 16 нэгж, 19 лабораторитай үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн бүрэн автомат үйл ажиллагаа бүхий ариутгалын тасаг, эмнэлгийн нэгдсэн IT систем, улсдаа ганц байгаа ЭХО оношлогооны аппарат бүхий япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж буй.
Түүнчлэн гадаад болон дотоодын нарийн мэргэжлийн эмч нарыг урт болон богино хугацаагаар сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилладаг юм байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл