Орхон аймгийн бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ
Хүндэтгэлийн үйл ажиллагааны нээлтийн үеэр Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Үүрийнтуяа “Цаг үеийн нөхцөл байдал, бидний амьдрал ахуй, нийгмийн өмнө тулгарч буй гэнэтийн, томоохон сорилтуудыг даван гарахад охид бүсгүйчүүддээ дэм болох зорилгоор хүүхэд эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд чиглэсэн чуулган, аян, сайн үйлсийн ажлыг тухай бүр зохион байгуулан ажиллаж ирсэн. Цаашдаа бид охид эмэгтэйчүүд, тэдний эрх ашгийг хамгаалах, гэр бүлийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, тэднийгээ бүх талаар хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын санал санаачилга гаргах, хэрэгжилтийг зохион байгуулахад төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллахаар төлөвлөж байна. Орхон аймгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд аймаг орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд, үйлдвэр аж ахуйн газрууд, бизнес эрхлэгчдийн оролцоо, дэмжлэг нэн чухал бөгөөд хамгийн гол нь охид бүсгүйчүүдийн чин сэтгэлийн дэмжлэг, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол юу юунаас илүү чухал” хэмээн онцоллоо. Мөн эмэгтэйчүүүд, бүсгүйчүүддээ зориулан УИХ-ын гишүүн Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Бадамсүрэн нарын баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Хүндэтгэлийн үеэр ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлан ажилласан бүсгүйчүүдэд Аймгийн ИТХ болон Аймгийн Засаг даргын шагнал, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Хүндэт тэмдэг”, Салбар зөвлөлийн нэрэмжит шагналуудыг гардуулж, Хүний нөөцийн аудитор Б.Батгэрэл “Монгол хүний язгуур мөн чанар ба эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр лекц тавилаа. Мөн Соёл, урлагийн цогцолборын авьяаслаг уран бүтээлчид эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж “Ижий минь та урт наслаарай” хүндэтгэлийн концерт толилуулсан юм.
Сэтгэгдэл