ТАЛАРХАЛ

Украинд үүсээд буй нөхцөл байдлын улмаас тус улсад суралцаж буй оюутнууд болон оршин сууж буй Монгол иргэдийг аюултай бүсээс яаралтай татан авчрах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, онцгой хувь нэмэр оруулсан Польш, Украинд оршин сууж буй иргэддээ Гадаад харилцааны сайдын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Киев, Одесс, Харьков хотуудаас иргэдээ Львов хотод халуун сэтгэлээр тосон авч, хилийн бүсэд хүргэсэн Украин Улсад оршин суудаг Ж.Энхзаяа, оюутнуудыг зөвлөгөө, мэдээллээр хангах, ЭСЯ-нд бүртгүүлээгүй монгол иргэдтэй холбоо тогтооход шуурхай дэмжлэг үзүүлсэн тус улсад оршин суугаа иргэн Х.Болдхуяг, иргэдэд туслах үйл ажиллагаанд гар бие оролцсон О.Лхагва, Л.Сэржмядаг, Д.Энхжаргал, Х.Энхбилэг, Б.Уянга, Г.Мөнхсайхан, Г.Ганчимэг, Х.Цэнджав, Б.Оюунгэрэл, Г.Анударь нарт болон Польш дахь Монголчуудын холбоонд онцгойлон талархал илэрхийлье!

Мөн Киев хотоос оюутнуудыг машинаар Львов руу зөөж, Украин дахь Харьков, Одессоос галт тэргээр ирсэн монгол иргэдийг Польшийн хил рүү шилжүүлэх үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажилласан Монгол Улсын Өргөмжит консул Эдуард Рубанд талархал илэрхийлж байна.

Гадаад харилцааны яамнаас “Шуурхай штаб” байгуулан холбогдох ЭСЯ-дыг удирдлагаар хангаж, нөхцөл байдлыг судлан польш, украины талтай дипломат шугамаар яриа, хэлэлцээ хийж, иргэдээ татах бүхий л боломжийг хангасан бөгөөд Монгол Улсаас Польш, ХБНГУ, Унгар, Чех зэрэг улсад суугаа ЭСЯ-дууд болон төвөөс тусгайлан томилсон ГХЯ-ны ажилтнууд газар дээр нь шуурхай, зохион байгуулалттай ажиллаж, Украины хилийн зурвасаас 30 гаруй км дотогш хориотой бүсэд нэвтэрч иргэдээ амжилттай татан авч, 69 иргэнээ  Польшийн хилээр саадгүй нэвтрүүлж чадсанд гүн талархал илэрхийлье.

Түүнчлэн Гадаад харилцааны яамны зөвлөмжийг дагаж Украин дахь нөхцөл байдал хүндрэхээс өмнө шийдвэр гаргаж, эх орондоо урьтаж ирсэн 41 оюутанд талархал дэвшүүлье!

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа