“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.03.21) Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах УИХ-ын онцгой бүрэн эрхийг тодотгон тусгаж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой заалт болсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг шинэчилсэн.
Мөн Улсын Их Хурлаар “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Хуулийн шинэчлэл хийгдэж байгаа ч өнөөг хүртэл үндэсний онцлогт тохирсон хөгжлийн загвараа тодорхойлоогүй байгаа нь олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар 1995 онд манай улсын нэг хүнд ногдох ДНБ 1479.8 ам.доллартай тэнцэж байсан бол 2020 оны байдлаар 4350.2 ам.доллартай тэнцэж байна. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд социалист системээс ижил гараанаас гарсан бусад улс орнуудын нэг хүнд ногдох ДНБ 7-9 дахин нэмэгдсэн.
Энэ бол бид дэлхийн эдийн засгийн хөгжлөөс хоцорч байгааг харуулах нэг жишээ юм. Манай улс өнгөрсөн 30 жилд үйлдвэржилтийн доройтолд орж, уул уурхайгаас хэт хараат эдийн засагтай болсон. Ажилгүйдэл, гадаад өр улам нэмэгдэж байгаа. Тиймээс улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэн тэргүүнд тавьж, хөгжлийн асуудлаа алсыг харж, хэтийн төлөвийг төсөөлж тодорхойлох замаар улс орныхоо ирээдүйн хөгжлийн суурийг тавихаар хичээж буй энэ үед салбар бүрийн туршлагатай судлаачдын үүрэг оролцоо чухал.” хэмээн онцлоод бусад орны жишиг туршлага, тэр дундаа үсрэнгүй хөгжилд хүрсэн Азийн улс орнуудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар жишээ, туршлагаас суралцахын ач холбогдлыг тэмдэглэлээ.
“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийн эхний илтгэлийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Хөгжлийн загвар” сэдвээр тавив.
Тэрбээр, “Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсад урт, дунд, богино хугацааны 570 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсан байна. Эдгээр баримт бичгүүд залгамж чанаргүй, уялдаа холбоогүй байсан. Өсөлтийг авчирсан өөрчлөлт бол хөгжил юм. Олон улсад хөгжлийн хэд хэдэн загвар байгаа ч хамгийн чухал нь өөрийн орны онцлогт тохирсон загварыг сонгож, нэн тэргүүнд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Манай улсад “Монгол гэр” хэлбэрийн хөгжлийн загвар тохиромжтой” гэв. Тодруулбал, гэрийн хоёр багана нь Монголд байгаа нөхөн сэргээгдэх баялаг, хөдөө аж ахуй, мал аж ахуй. Гэрийн унь, ханыг Монголд үйлдвэрлэж, хийж, бүтээж, түүгээр дамжуулан баялаг бүтээж чадах салбарууд болох уул уурхай, аж үйлдвэр, барилга, сэргээгдэх эрчим хүч, тээврийн салбар бүрдүүлнэ. Харин тооно нь аялал жуулчлал бол гэрийн хаалга нь гадаадын хөрөнгө оруулагчдад үргэлж нээлттэй байж, тэднээр дамжуулан орчин үеийн шинэ эдийн засгийн бүх загварыг нутагшуулж, үсрэнгүй хөгжилд хүрэх боломжтой болох юм.
Үргэлжлүүлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар, эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэрийн бодлого, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар Монголбанкны ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (D.Sc) Д.Ган-Очир “Монгол Улсын хөгжлийн “загвар”-ын эрэлд: Өөрийн сургамж, бусдаас суралцахуй” сэдвээр илтгэл тавьж, хувь судлаачийн байр сууриа хуваалцлаа.
Монгол Улсын өсөлтийг хязгаарлагч хэд хэдэн хүчин зүйлс бий. Тухайлбал, манайд санхүүжилтийн эх үүсвэр байгаа ч өсөлт нь цөөн салбарт бий болж байна. Хөрөнгө оруулалт нь уул уурхай, барилгын салбарын цөөн аж ахуйн нэгжид байна. Нөгөө талаар зардал өндөртэй, найдвартай бус тээврийн үйлчилгээ, гааль, татварын урт төвөгтэй процесс, өсөн нэмэгдэж байгаа авлига зэрэг шалтгааныг дурдаж болно. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг хөнгөвчлөх нь тогтвортой, өргөн хүрээтэй өсөлтөд хүрэх замаа олоход тусална. Хөгжлийн нь нэг загварыг дагахаас үл хамааран Монголын хөгжлийн шинэ загвар нь төрөлжсөн эдийн засгийг бий болгох, чиг баримжаа нь “хүн төвтэй” буюу амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх хэрэгтэйг тэрбээр илтгэлдээ онцлов.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Эмерит профессор, Ардын багш Т.Дорж нар хөгжлийн загварыг тодорхойлох арга замын талаар үг хэлж, санал, бодлоо илэрхийллээ. Мөн хэлэлцүүлэгт оролцогч судлаач, эдийн засагчид ажлын байрыг нэмэх, хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц төрийн бодлогын талаар асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар зохион байгуулж байгаа уг цуврал хэлэлцүүлгийн дараагийнх "Төрийн зохицуулалт" сэдвийн хүрээнд болно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл