Өсвөр үеийнхний хамтын оролцоог нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг дэмжин, зорилтот сэдвийн хүрээнд суралцаж, хөгжих боломжийг олгох, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Өсвөрийн Парламент” хөтөлбөр нийслэл хот болон хөдөө орон нутгаас шалгарсан 90 гишүүнтэйгээр өнгөрсөн 10 дугаар сард нээлтээ хийсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд Парламентын боловсрол, Уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвүүдээр оролцогч хүүхдүүд цуврал хичээлд хамрагдаж, үеийнхэндээ сургалт зохион байгуулахаас эхлээд орон нутагтаа нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлжээ.


Өсвөрийн парламентын хүүхдүүд энэ удаа зөв хооллох дадал, шим тэжээлийн хэрэглээний цэгцтэй мэдлэгийг түгээх, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зорилготой  “Эрүүл хооллолт Эрүүл ирээдүй” сэдэвт дэд хөтөлбөрөө эхлүүлж байна.  Хоёр сарын турш үргэлжлэх уг хөтөлбөрийг УИХ-ын ТХЗДХ-ноос санаачлан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Пийпл Ин Нийд” олон улсын байгууллага, НЭМҮТ бусад дэмжигч газрууд хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Хөтөлбөрийн нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ТХЗДХ-ны дарга Х.Булгантуяа, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зохицуулагч Винод Ахужи, бусад дэмжигч төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг онцгой анхаарах нь чухал гэдгийг тэмдэглээд, ирэх 2023 оноос Үдийн хоол хөтөлбөрт ЕБС-ийн бүх ангийн сурагчдыг хамруулахаар зорьж байгааг дурдлаа. Ахлах ангийн сурагчид өөрсдөө худалдан авалт хийн, мөн дүү нартаа үлгэрлэдэг учраас ухамсартайгаар эрүүл сонголтыг чухалчилж, энэ талаар үнэн зөв ойлголттой байх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцолсон юм.

Судалгаанаас үзэхэд, манай улсад 10-19 насны хүүхдийн 13,9 хувь нь илүүдэл жинтэй, 4,2 хувь нь таргалалттай байна. Түүнчлэн өсвөр үеийнхний 38,5 хувь нь өглөөний цайгаа уудаггүй, 85,1 хувь нь ус, шингэн зүйлсийг бага хэрэглэдгээс гадна 3 хүүхэд тутмын 2 нь чихэр, шоколад зэрэг сахарын агууламж ихтэй хүнсийг өдөр бүр хэрэглэдэг гэжээ. 

Ялангуяа өсвөр насныхан өглөөний цайгаа уугаагүйгээс ядрах, дархлаа муудах, анхаарал төвлөрөл алдагдаж, хичээлээ ойлгохгүй байх, таргалах шалтгаан болдгоос гадна  ходоодны төрөл бүрийн өвчний үндэс болдог гэдгийг хөтөлбөрийн нээлтэд оролцогч хүүхдүүд сануулж байлаа. Энэ удаагийн уулзалтад хөдөө орон нутгаас 60 хүүхэд цахимаар оролцож, мөн эцэг эхчүүдийн төлөөлөл гэр бүлийнхээ хооллолтод хэрхэн анхаардаг талаар санал, туршлагаа солилцсон юм. Хүүхдүүд эрүүл, ухаалаг сонголт хийхийн тулд эхлээд үнэн бодит эх сурвалжаас, өөрт тохирсон хялбар хэрэгслээр хэрэгтэй мэдээллээ тогтмол учраас зөв хооллолтыг хэвшүүлэх уриалга, санамж, видео хичээл зэрэг контент бүхий платформыг хөгжүүлэхээр Өсвөрийн парламентын гишүүд ажиллаж байгаа юм байна.

Улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний үндэс суурь энэ насанд тавигддаг. “Эрүүл хооллолт - Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн үр дүнд хоол хүнсний бүтээгдэхүүний зөв тогтолцоо, аюулгүй байдал, үр нөлөө, зохистой хэрэглээнд суралцаж, хүнсний хог хаягдлыг багасгах талаар нэгдсэн ойлголттой болохоос гадна хувь хүний хөгжлийн цуврал хичээлүүдэд хамрагдах юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа