Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлээс харахад нийт зардалд шатахуун 35 хувь, тос 2 хувь, сэлбэг хэрэгсэл 10 хувь, цалингийн зардалд 29 хувь, НДШ-ийн зардалд 4 хувийг зарцуулжээ. Харин бусад зардал 13 хувийг эзэлж байна.

Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсныг нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэв.

Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн автобус 44,024 төгрөг, дунд багтаамжийн автобус 39,676, байгалийн хийн хөдөлгүүртэй автобус 48,924, цахилгаан автобус 45,210 төгрөг байхаар тусгасан байна. Харин угсраа автобус болон троллейбусны тарифт өөрчлөлт орохгүй аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгч П.Ганзориг цахилгаан автобусны хэрэглээг хэзээ нэмэгдүүлэх талаар тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж. Сандагсүрэн “Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхэд санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.  Энэ талаарх ажлын хэсгийг миний бие ахалж, парк шинэчлэлийг үе шаттай хийхээр төлөвлөн ажиллаж байна. Цахилгаан автобусны тухайд дэд бүтцийг бэлэн болгох  шаардлагатай. Автобусны эцсийн зогсоолууд болон алслагдсан  цэгүүдэд цэнэглэгч байгуулах боломж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цэнэглэгч байршуулах хүчин чадлыг  тооцож, судалгааг хийсэн.  2024 он гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд  явж буй автобуснуудын 50-иас дээш хувийг цахилгаан автобус руу шилжүүлэхээр зорьж байна”  гэв. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа