Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-д оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн юм.

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын 2020 оны Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, холбогдох байнгын хорооны дүгнэлтийг сонссоны дараагаар асуулт, асууж үг хэлж дууссанаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 71 гишүүн оролцож,  70 гишүүн дэмжиж УИХ-ын гишүүдийн 93.3 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ. Харин дэмжээгүй нэг гишүүн нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байлаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал, 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.

Тэрбээр 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа