Т.Золжаргал: Чөлөөлөх шаардлагатай байршил дахь ТҮЦ-ийг худалдан авахгүй байхыг сануулж байна
-Нийслэлд хэдэн түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллаж байна вэ?
-Нийслэлээс бизнес эрхлэх таатай орчныг дэмжих, бизнес эрхлэгчдийг төрийн хүнд суртлаас ангижруулах алхмуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор оны өмнө Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 74 төрлийн үйлчилгээг онлайн системд оруулж, зөвшөөрлийн гэрээ, батламжийг хүчингүй болгосон. Энэ нь худалдаа, үйлчилгээг эмх замбараагүй явуулж болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, зөвшөөрсөн байршлуудад иргэн үйл ажиллагаа явуулах эрх нээлттэй. Улаанбаатарын хэмжээнд 1300 орчим ТҮЦ ажиллаж байна. Ирэх дөрөвдүгээр сард нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан Нийтлэг үйлчилгээний журмыг батлахаар ажиллаж байгаа. Тус журамд ТҮЦ-ийн зохицуулалт багтсан. 74 зөвшөөрлийг хүчингүй болсонтой холбогдуулан иргэд дуртай газартаа ТҮЦ байрлуулж, чанаргүй хүнс, барааг дураараа зарж, борлуулж байгаа талаар мэдээлэл ирж байна. Нийтлэг үйлчилгээний журам батлагдсаны дараа тухайн дүүргийн Засаг дарга ТҮЦ-ийн зөвшөөрсөн байршлуудыг гаргана.
Мөн хориотой буюу нийтийн эдэлбэр газар, явган хүний зам талбай, автобусны буудлын орчим зэрэг хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байршлуудад дураараа байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлнэ. Иймд чөлөөлөх шаардлагатай байршил дахь ТҮЦ-ийг худалдан авахгүй байхыг сануулж байна.
-Нийслэлд ажиллаж буй ТҮЦ-үүдэд стандарт бий юү?
-Батлагдсан стандарт байхгүй. Стандартын загвар төсөл боловсруулсан байсан. Тухайн үед Хот байгуулалт, хөгжлийн газар эцэслэж батлах байсан ч энэхүү стандартыг эрүүл ахуйн шаардлага, ариун цэврийн байгууламж гэх мэт хүний анхан шатны хэрэгцээг хангаагүй гэсэн шалтгаанаар батлаагүй. ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл, хууль тогтоомж одоогоор байхгүй ч Нийтлэг үйлчилгээний журмаараа зохицуулна. Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Тиймээс ТҮЦ байрлуулах зөвшөөрөлгүй байршилд ажиллаж байгаа ТҮЦ-ийг зөвшөөрсөн байршлуудад нүүлгэн шилжүүлж эхэлнэ. Дүүргүүдийн Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрийн ТҮЦ эрхлэгчдэд зөвшөөрсөн байршлуудын талаар мэдээлэл өгч, нүүлгэх шаардлагатай бол мэдэгдэнэ гэж Нийтлэг журмын зохицуулалтад заасан гэлээ.
Сэтгэгдэл