Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбат бусдыг зодож, хүнд гэмтээсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний өдөр В.Мөнхбат иргэн А-ын биед санаатайгаар халдаж, хэвтэрт ортол нь зодсон байна. Энэ талаар хохирогч А-тай холбогдож, тодрууллаа.

-Таны биеийн байдал яаж байна?

-Аймгийнхаа эмнэлэгт үзүүлэхэд хүндэвтэр зэргийн гэмтэл гэж оношилсон. Одоогоор Улаанбаатар хотод ирж биеэ эмчлүүлээд овоо дээрдээд байна. Мэдээж эмнэлэгт хэвттэлээ гэмтэл авчихсан болохоор амаргүй л байна.

-Таныг эрүүл мэндээр чинь хохироож, зодсон хүн иргэдийн төлөөлөгч хүн гэсэн үү?

-Тиймээ. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүн.

-Яагаад ийм хэрэг үйлдэх болсон юм бол?

-Бид Өмнөговь аймгийн нэгдүгээр тойрогт буюу Даланзадгад суманд хамт өрсөлдөж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс. Өнгөрөгч сарын 21-нд сумын ИТХ болсон юм.  Гэтэл хурлын завсарлагаанаар намайг “Дүү гараад ир” гэж дуудсан. Би ер нь олон жил тэр хүний үгийг дагаж, зодуулахдаа зодуулж, загнуулахдаа загнуулж өдий хүрсэн хүн л дээ. Би ингэж хүнд хэлж, гомдоллож бол явсангүй ээ. Би тэр өдөр ч гэсэн хэлсэн ёсоор нь гараад очтол “Чамайг хачин болгоно оо. Чи яасан овоо гар вэ. Эхнэрээ шөнө битгий явуулаарай, хүүхдээ гадаа битгий тоглуулаарай” гэж заналхийлсэн өнгө аястай үг хэлчихээд шууд л унатал цохиж, зодсон. Уг нь би тэр хүнтэй муудаж, сайдсан зүйл байхгүй. Загнахад нь дуугүй л байдаг байсан. Миний ойлгож байгаагаар улс төрийн л өс хонзон маягийн муу санааг өөртөө өвөртлөөд явж байгаа бололтой. Намайг үгэндээ орсонгүй гэж зодсон. Намайг зодох яах вэ. Гэр бүлийг минь заналхийлсэнд үнэхээр гомдолтой байна. Намайг яаж ч болно. Миний гэр бүлийг яагаад ингэж муухай заналхийлж байгааг би ойлгохгүй байна.

-Хэрэг гараад нэлээд хэд хоножээ. Та цагдаа шүүхэд хандсан уу?

-Тиймээ. Цагдаад хандсан. Би гэр бүлээ хамгаалах ёстой биз дээ. Би бол яах вэ. Зөндөө зодуулж байсан. Харин эхнэр хүүхдийн маань талаар сонин сонин юм яриад байхаар нь цагдаад өгөх ёстой юм байна гэж бодсон. Хэрэг шалгагдаж байгаа. Нийслэлийн шүүх эмнэлэгт гэмтлийн зэргээ тогтоолгохоор шинжилгээгээ өгчихсөн байгаа гэв.


Эх сурвалжийн өгсөн мэдээллээр хэрэг гарах үеийн бичлэг болон гэрчүүд ч цөөнгүй байгаа гэнэ. Мөн В.Мөнхбат урьд нь хүн зодсон хэргээр  шүүхээс удаа дараа ял шийтгэл сонсож байсан нэгэн аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа