Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам дагуу явган хүний зам хааж ус зайлуулах хоолой татсан талаарх мэдээлэл цахим орчинд гарсан.

Шугам хоолойг “Камдер” ХХК зөвшөөрөлгүйгээр татсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр шаардлага тавьж, ус зайлуулах хоолойг авч, явган хүний замыг чөлөөллөө.

Тус компани нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүйгээс гадна нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан тул яаралтай арга хэмжээ авсан нь энэ юм.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй түр хашаа татсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бумням “Түр хашаа барьсан газар нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн харьяа газар. Гэхдээ архитектур төлөвлөлтийн даалгавар ирүүлээгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гараагүй байхад газар шорооны ажил эхлүүлсэн тул шаардах хуудас хүргүүлсэн. Одоогийн байдлаар тухайн газарт барилгын суурийн газар шорооны ажил эхэлсэн байна. Иргэд энд барилгын ажил эхлэх гэж байгааг таслан зогсоох хүсэлтээ илэрхийлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс авто угаалгын газрын түр объектуудыг буулгаж, тухайн талбайд барих тул зөвшөөрөл авахгүй ажлаа эхэлж болно гэж үзсэн гэх мэдээллийг өгсөн. Иймд гурав хоногийн дотор түр хашааг буулгах ёстой тухай шаардлагыг хүргүүллээ” гэдгийг онцлоод, зөрчлийг арилгаагүй тохиолдолд албадан буулгах, мэргэжлийн хяналтын байгууллагаас торгох арга хэмжээ авахыг хэлж байв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа