Улс орны үнэт баялаг болсон хүний хөгжлийн асуудал аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд нэн түрүүнд тавигддаг чухал асуудал. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн таван бодлогын нэг нь Хүний нөөцийн бодлого юм. Алсын хараатай, үр өгөөжтэй хүний нөөцийн бодлого, зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрүүдийг 2020 онд эхлүүлж, нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Үйлдвэрийн газрын хүний нөөцийн бодлого, олон улсын Хүний нөөцийн менежментийн MNS ISO 30400 багц стандартад нийцүүлэн, Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр болох “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”, “Залгамж хөтөлбөр”-ийг бүтцийн нэгжүүдэд, “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийг үйлдвэрийн газрын хэмжээнд энэ онд ахисан түвшинд хэрэгжүүлэхээр эхлүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тогтвортой хөгжлийн цогц бодлогын хүрээнд одоогийн болон ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг хангах, үйлдвэрийн газрын стратеги зорилтуудыг хангах, байгууллагын соёлыг бэхжүүлэх, удирдах ажилтнуудын залгамж халаа, нөөц ажилтны жагсаалтыг баяжуулах, түлхүүр ажилтнуудыг бэлтгэх зорилгын хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, бүтцийн нэгжүүдийн дарга, ерөнхий мэргэжилтнүүд болон тус хөтөлбөрт сонгогдон, шалгарсан Эрдэнэт үйлдвэрийн анхан болон дунд шатны удирдах ажилтан, мэргэжилтнүүдээс бүрдсэн 100 ажилтан уригдан оролцоо. Хөтөлбөрийн үйл ажиллагааг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр нээж үг хэлэв.

Тэрээр, “Манлайлал, авъяас чадварын хөтөлбөр”-т сонгогдсон залууст баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ, тус хөтөлбөрт оролцоно гэдэг бол өндөр хариуцлага гэдгийг онцолж, уул уурхайн салбарын ирээдүйн удирдагч, залгамж холбоо болсон залуус хөтөлбөрийн турш өөрсдийгөө хөгжүүлж, идэвх оролцоо, хариуцлагаар манлайлахыг хүслээ.

     “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т энэ жил шинээр 80 ажилтан оролцож байгаа бол өмнөх жилийн хөтөлбөрийн оролцогч нараас ахисан түвшинд 20 ажилтан хамрагдаж байгаа юм. Энэ үеэр, ахисан түвшний оролцогч нар өмнөх хөтөлбөрөөс сурч, мэдсэн зүйлээсээ ярьж, уригдан ирсэн зочдод өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

     Эрдэнэт үйлдвэрийн Манлайллын хөтөлбөрт шинээр хамрагдаж буй 80 ажилтан хөтөлбөр эхлэхээс өмнө хувь хүний зан төлөв болон хөгжлийн хэрэгцээг тодорхойлох DISC тест өгч, мэргэжлийн зөвлөхтэй хүн нэг бүр уулзаж, зан төлөвөө оношлуулж, зөвлөгөө авсан байна. Мөн хөтөлбөр нээгдсэн эхний өдрийг “Удирдах ур чадвар” сургалтад хамрагдаж эхлүүлжээ. Залууст мэдлэг түгээсэн Лектор, хуульч Ц.Азбаяр хөтөлбөрийн нээлтэд уригдан ирсэн зочдод “Жинхэнэ манлайлал” илтгэлээ толилуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн оролцогч нарт хандан баяр хүргэн, амжилт хүсээд, Эрдэнэт үйлдвэрийн техник, технологийн шинэчлэл, хөгжил бол хүний төлөө ажил гэдгийг онцоллоо.

Хөтөлбөрт оролцож буй залуусыг Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжлийн төлөө, хамт олныхоо төлөө, дунд, ахмад үеийнхнээ жигүүрлэн, манлайлж ажиллахыг хүссэн. Үйлдвэр, цаашлаад эх орныхоо хөгжлийн төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй зуу, зуун залуус хувь хүний хувьд, ажил мэргэжлийнхээ хувьд хөгжиж, өсөн дэвшихийг ерөөн, “Сайн ажиллаж, сайхан амьдарцгаая”, хэмээн уриаллаа. “Манлайлал, авъяас чадварын хөтөлбөр” 2022-2024 оны хугацаанд ахисан түвшинд гурван жил хэрэгжих юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа