Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.
Өнөөдрийн байдлаар зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг 31 байгууллагын 216 нэгжид харьяалагдах 10011 эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлж байгаа бол Улсын ерөнхий прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих бие даасан хэлтэс ажиллаж, улсын хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд тавих хяналтын ажлыг дагнан хариуцсан 68 хяналтын болон ахлах прокурор ажиллаж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай болсноор зөрчил шалгах ажиллагааг нэгдсэн стандартаар хэрэгжүүлэх боломж бүрдсэн хэдий ч шат дамжлага их, хуулийн зарим заалт тодорхойгүй байгаас хэрэглэхэд хүндрэл учирдаг, шүүхийн ялгаатай журмаас шалтгаалан иргэн, хуулийн этгээдийн хүлээх эрх, үүрэг тодорхойгүй зэрэг нийтлэг бэрхшээл үүссэн байна. Түүнчлэн Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа эрх бүхий албан тушаалтны 60-70 хувь нь хуульч бус бусад салбарын мэргэжилтнүүд байгаа тул зөрчил шалгах зарим тодорхой ажиллагаанд мөрдөх журмыг илүү ойлгомжтой болгох шаардлага тулгарчээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журам, арга хэрэгслээр хэрэгжүүлэх, тус ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал, экологийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагч байгаль орчинтой холбоотой тодорхой төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх, мөн оюуны өмчийн бүтээлийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой зөрчлийг Гаалийн хяналтын улсын байцаагч давхар харьяалан шийдвэрлэх боломжтой байдлаар нэмэлтийг тусгасан байна.
Түүнчлэн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах торгох шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлийг шалгаж тогтоох, мөн оногдуулсан торгох шийтгэлийн биелэлтийг харгалзан торгуулийг хөнгөрүүлж, гүйцэтгэлийг хангуулах эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргах журмыг шинээр тусгажээ.
Мөн цахим хэлбэрээр зөрчлийг бүртгэх, дугаар олгох, шалгах, шийдвэрлэх талаар шинэлэг зохицуулалт тусгасан. Энэ нь тухайн зөрчлийг орон зайнаас үл хамааран, шуурхай, зөрчил шалгах бүхий л зардлыг хэмнэсэн, цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран хууль хэрэгжих нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн шийтгэл оногдуулсан шийдвэр, шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийн хуудсыг цахим хэлбэрээр хүргүүлж, оногдуулж байх зэрэг хууль зүйн үндэслэлүүдийг нээлттэй зохицуулахаар заажээ.
Сэтгэгдэл