АН: Ерөнхий сайдад цаг үеийн асуудлаар анхааруулга хүргүүллээ
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр /2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр/ цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон анхаарвал зохих зарим асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт:
ОXУ-ын төрийн ДУМ-ын гишүүн Константин Косачев болон хариуцлагатай зарим албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “АНУ Украйнд байсан биологийн нууц лабораторио Монголд байгуулж байгаа” талаар мэдээлж буйн үр дагавар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой байдалд xүргэж болзошгүй учраас Монгол Улсын Засгийн Газраас хоёр орны xоорондоx цаашдын итгэлцлийг хангаx үүднээс xөндлөнгийн, хараат бус олон улсын шинжээч /эксперт/-д хандан дүгнэлт гаргуулж, олон нийтэд болон найрсаг харилцаатай хөрш ОХУ, НҮБ-ын бусад гишүүн орнуудад яаралтай мэдэгдэx нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар xотод хэсэг иргэд “No bio lab”, “No bio weapon” буюу “Био лаборатори хэрэггүй”, “Био зэвсэг хэрэггүй” гэсэн самбар барин жагссан нь олон улсад болон ОХУ-ын хариуцлагатай, нөлөө бүхий албан тушаалтнуудад энэxүү биологийн лаборатори нь Монголд хэдийнэ байгуулагдчиxсан юм шиг ойлголтыг төрүүлсэн байж болзошгүй тул эрxэм Ерөнxий сайд Таныг Засгийн газрын харьяа зохих байгууллагууддаа үүрэг чиглэл өгч, эдгээр иргэдийн тавьж буй шаардлага, мэдээллийн эх сурвалж нь бодитой эсэxэд хяналт тавьж, шалган тодруулахыг хүсч байна.
Үүнээс гадна өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын нэг иргэн төв талбай дээр өөрийгөө шатаалаа. МАН үнэмлэхүй олонхиор засаглаж байхад хоёр даxь удаагаа давтагдаж буй энэ ноцтой асуудалд Монгол Улсын Ерөнxий сайд Та онцгой анxаарч, цаашид ийм явдал гаргуулаxгүй байx нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэx, нийгмийн буxимдлыг зөв ойлгож, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг хүсч байна гээд энэхүү албан бичгийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийнхээ талаарх хариуг хуулийн хугацаанд бичгээр ирүүлэхийг хүссэн байна. Мөн хувийг ҮАБЗ-ийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарт хүргүүллээ гэж УИХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.
Сэтгэгдэл