Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 орчим мянган иргэн бий. Үүний 10.6 хувь буюу 11 мянга нь 0-17 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй юм байна. Эдгээр хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийх, сургалтын үйлчилгээ үзүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг БНХАУ-ын 35 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2019 онд ашиглалтад оруулжээ.

Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт оношлох, сэргээн засах эмчилгээ хийхээс гадна боловсролын үйлчилгээ үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой аж. Хамгийн гол нь эдгээр үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үнэ төлбөргүй авдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь өдөрт 500 хүүхдэд өдрийн болон амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадал бүхий 6 тасагтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгэм, сэтгэл зүй, ортопед, туслах хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг. 2022 оны эхний улирлын байдлаар амбулаторийн болон өдрийн эмчилгээнд 890 хүүхэд, 1330 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.

Мөн тус төвд эцэг эхийн хараа хяналтгүй, бүтэн, хагас өнчин, архины хамааралд орсон эцэг эхтэй хүүхдийг асрамжийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас ирүүлсэн хүсэлт, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн онцлогийг харгалзан нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Одоогоор 11 хүүхэд байна.

Түүнчлэн энд тэгш хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын дэмжих үйлчилгээг үзүүлдэг. Хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа ба харилцаа, хөгжим хэмнэл, хөдөлгөөн мэдрэхүй, урлахуй, амьдралын зөв хэвшил гэсэн 6 чиглэлээр ганцаарчилсан болон бүлгийн сургалтыг явуулдаг. Энэ оны эхний улирлын байдлаар 429 хүүхдэд сургалт оржээ. Сургалтыг ганцаарчилсан хэлбэрээр ордог бөгөөд нэг хүүхдэд 20-30 минут зарцуулдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг хөгжлийн үйлчилгээнд хамруулахын төлөө анхаарч, хүүхэд бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэхийг зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг аль болох эрт илрүүлж, цаг алдалгүй сэргээн засах үйлчилгээнд хамруулснаар бидний хүүхэд ирээдүйдээ сурч боловсрох эрхээ эдэлж, нийгэмдээ хувь нэмэр оруулна. Ирээдүйд нийгмийн амьдралд бие даан оролцох, хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа өөрөө авч явах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажилладаг гэдгийг тус төвийн Тэгш хамруулах нийгмийн сэргээн заслын газрын дарга С.Энхбат танилцууллаа.

Цаашид хүүхдийн бэрхшээлийн онцлог, түвшин, насанд тохирсон үндэсний нэгдсэн жишиг сургалтын хөтөлбөрийг боловсруулж, батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тохирсон сургалтын орчинг бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах шаардлагатай. Мөн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад Ажлын хэсгийн гишүүдийг анхаарахыг хүслээ.

Ажлын хэсгийн гишүүд хяналт, шалгалтын санал дүгнэлтээ Байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх үүрэг чиглэлийг Засгийн газарт өгч ажиллахаа илэрхийлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа