Монгол Улсын Засгийн газар болон Итали Улсын Засгийн газраас Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын ноос ноолууран түүхий эдийг Италийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар багагүй хугацаанд ярьж ажил хэрэг болгоход онцгой анхаарсаар ирсэн.

Энэхүү хамтын ажиллагаа үр дүнд хүрч, ажил хэрэг болж байгаагийн нэг чухал жишээ болж өнөөдөр “Итали-Монголын Текстил (нэхмэл)-ийн технологийн төв”-ийг албан ёсоор нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Итали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Лаура Ботта, Италийн Нэхмэлийн машин үйлдвэрлэгчдийн холбоо (АЧИМИТ)-ны ерөнхийлөгч ноён Алессандро Зукки, Монголын ноос ноолуурын холбооны удирдлагууд, тус төвд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн компаниудын удирдлагууд, донор байгууллагын төлөөллүүд оролцлоо.

“Итали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын ноос, ноолуурын холбооны дэргэд байгуулсан “Текстилийн технологийн төв”-ийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байгаа нь Монгол Улс, Итали Улсын хооронд нэхмэлийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг нээсэн түүхэн ач холбогдолтой өдөр болж байгааг цохон тэмдэглэхэд таатай байна. Монгол Улс малын гаралтай түүхий эдийн арвин их нөөц баялагтай орон бөгөөд Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогод “малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэлхийн брэндийн түвшинд хөгжүүлэх, ноолуурын салбарыг дэмжин самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх” зорилтууд тусгагдсан. Энэхүү технологи дамжуулах төвөөр дамжуулан Италийн Улсын туршлага,  шилдэг техник технологийг нутагшуулах, улмаар түүхий эдээ бүрэн боловсруулж, зах зээлд гаргахад хамтарч ажиллах томоохон боломж бий болж байна.” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн юм.

Итали улсын техник технологи нь ноос ноолуурын салбарт хамгийн шилдэгт тооцогддог. Шинээр нээгдэж буй энэхүү төв нь орчин үеийн өндөр технологи бүхий төхөөрөмжүүд дээр ажиллах дадлага туршлагатай инженерүүдийг бэлтгэх, чадавхжуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

“Итали-Монголын Текстилийн технологийн төв”-ийн гол зорилго нь:

·Текстил (нэхмэл)-ийн үйлдвэрлэлийн бэлэн бүтээгдэхүүнд үйлдвэрлэгчдээс гарсан санал хүсэлтийн дагуу туршилт судалгаа хийж оновчтой технологийн горим, загварыг гаргах

·Салбарын инженер технологийн ажилтнуудын туршлага солилцох платформыг бий болгох

·Текстилийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнуудыг салбарт хадгалан авч үлдэх боломжийг эрэлхийлэх

·Жижиг, дунд үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгч нарт зориулж бүтээгдэхүүний загварчлал дээж үйлдвэрлэх, бүтээгдэхүүний аналитик шийдлийг гаргах

·Текстилийн салбарт  шинээр хэрэгжүүлэх төслүүдэд зөвлөмж зөвлөгөө өгөх, хамтын шийдэлд хүрэх

·Үйлдвэрлэл эрхлэхийг  зорьж  буй Start up залуус, компаниудад зөвлөгөө өгөх,

·Үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэчлэх, технологио сайжруулах, үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх юм.

Тус төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр текстилийн үйлдвэрлэлийг цаашид эрчимтэй хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол ноолуурыг дэлхийн тавцанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа