Онцгой дэглэмд, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажилласан уурхайчдадаа Улсын баяр наадмын өмнө урамшуулал олгохоо мэдэгдлээ.

“Хэдийгээр, коронавирусын халдвараас шалтгаалан төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хорио цээрийн хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 274 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь том амжилт юм.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон нэгэн зүгт харж, ёс зүйтэй, эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, эрхэлсэн ажилдаа эзэн болж ажилласны үр дүн” гэж Ерөнхий захирал онцоллоо. Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэр төрөл бүрээр ийнхүү давж биелсэн нь борлуулалтын болон цэвэр ашгийн төлөвлөгөө дагаж өсөх санхүү, эдийн засгийн таатай нөхцөл бүрджээ.

Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхэлж 48 цаг үргэлжлэх бөгөөд үүнд хэрхэн бэлтгэж байгаа талаараа цехийн дарга нар мэдээлэл хийсэн.

Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс бүтцийн нэгжийн дарга нарт 2021 оны бизнес төлөвлөгөөнд саналаа өгөх, 2020 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Орхон аймагтай хамтын ажиллагааны хүрээнд дулааны шугам татах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлийг ханган ажиллах чиглэлээр тодорхой үүрэг өглөө. 


М.ОДГЭРЭЛ

Б.БАТТӨГС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа