Татвар төлөгчдийн өдрүүдийг “Та Баялаг бүтээгч” уриан доор тэмдэглэнэ
Ажил хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж байгаа иргэн бүртээ и-баримтын системээр дамжуулан цахим талархлыг хүргүүлснээр “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэлнэ.
ТЕГ, Нийслэлийн татварын газар, аймаг, дүүргийн татварын хэлтсээс энэ долоо хоногийн турш тухайн орон нутагтаа танхимын болон цахим сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулах, татвар төлөгчдийн санал хүсэлтийг сонсох уулзалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулна.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн өөр нэг зорилго нь татвар төлөгчдөө сурталчлах юм. Энэ зорилгын хүрээнд жил бүр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж, хэвлэл мэдээллээр сурталчилж, алдаршуулдаг. Монголын татварын алба нь 2020 оноос үйлчилгээндээ сегментийн бодлого нэвтрүүлсэн бөгөөд орлогоор нь том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн ангилалд хуваасан. Энэхүү ангилал тус бүрээс 10 шилдэг татвар төлөгчийг шалгарууллаа.
Шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа дан ганц татвар төлөлт бус хуулийн хугацаандаа тайлангаа илгээж, татвараа төлдөг зэрэг татварын хуулиа хамгийн сайн хэрэгжүүлсэн татвар төлөгчдийг шалгарууллаа.
Энэ 2022 оныг “Татварын боловсролыг дэмжих жил” болгосонтой холбоотой нийслэлийн ЕБС-ийн багш нарын дунд хүүхэд багачуудад татварын боловсрол олгох зорилгоо зарласан шилдэг контентын уралдааны шилдгүүд болон уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдааны ялагчдыг шалгаруулж, 2022.05.13-нд шагналыг гардуулна.
Энэхүү аяны хүрээнд 9 дүүрэг, 21 аймгийн татварын хэлтэс орон нутгийнхаа томоохон худалдааны төвүүдэд төлбөрийн баримт авах, өгөх дадалд суулгах өдөрлөгийг зохион байгуулах бөгөөд цахим орчинд “төлсөн л бол баримтаа аваарай” уриалга бүхий сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
Мөн Татварын ерөнхий газар, Гааль, татвар, санхүү мэдээллийн төв УҮГ хамтран бэлэн бус төлбөр тооцооны үед хэрэглэгчийн үүсгэсэн цахим төлбөрийн баримт үүсэх боломж бүрдүүлсэн шинэ үйлчилгээг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээнд иргэдийг дадуулах нь аяны бас нэгэн зорилго юм гэж Монгол Улсын Татварын Ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл