БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар А.Энхбат, амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн хамгааллын асуудал хариуцсан захирал Кирк Олсон, мэргэжилтэн Б.Бүүвэйбаатар нарын хамт “Таван толгой” төмөр зам ХХК-ийн захиргаа, санхүү, хариуцсан дэд захирал Я.Намсрай, Төслийн удирдлагын газрын дарга Э.Эрдэнэбат, Тээврийн удирдлага хариуцсан Дэд захирал Г.Цолмонбаяр нартай уулзаж, төмөр замын хамгаалалт, өргөст торноос зэрлэг ан, амьтанд учруулж буй хохирол, сөрөг нөлөөллийн тухай ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд БОАЖЯ-наас “Таван толгой” төмөр зам компанийн төлөөлөлтэй төмөр замын трассын дагуу ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцах шийдвэрийг гаргав.

Цаашид БОАЖ-ын сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдах өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт байгаль, зэрлэг ан амьтанд ээлтэй байдлаар төмөр замын хамгааллын торны стандартыг сайжруулах, холбогдох хууль дүрмүүдэд өөрчлөлт оруулах чиглэл өгч ажиллах юм.

Уулзалтын үеэр БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж "Зэрлэг амьтны нүүдлийг хязгаарлаж болохгүй. Ан, амьтанд ээлгүй, нүүдэл, шилжилт хөдөлгөөний замуудад төмөр замын торыг буулгах байр суурьтай байгаа"-г илэрхийлэв. Мөн зорчигч тээвэр бус, зөвхөн ачаа тээврийн зориулалттай төмөр замын бүст хамгаалалтын хашаа байх шаардлагагүй гэж үзсэн юм.

“Таван толгой” төмөр зам ХХК-иас төмөр замын трассын дагуу гарц, гарам байгуулан ажиллаж байгаа талаар илэрхийлсэн ч төмөр замын хаалт, торны талаар дорвитой хариулт өгсөнгүй. Гэвч цаашид байгаль орчин, зэрлэг амьтныг хамгаалах асуудлаар хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа