НЗДТГ, мөн тус газрын Хүний нөөцийн хөгжлийн төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн хамтран зохион байгуулж буй “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийн нэгдүгээр шат нэг сарын турш үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийлээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрт нийт 80 ментий, 15 ментор сонгогдон оролцсон юм. Хөтөлбөрт оролцсон 80 ментий таван багт хуваагдан 14 хоногт багтаан бичил төсөл хэрэгжүүллээ. 

Багууд хүртээмжтэй, үр дүнтэй, чанартай төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, төрийн албан  хаагчдын ажлын бүтээмж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлийн бичил төслүүдийг хэрэгжүүлж, үр дүнг танилцууллаа.

Багууд дотроосоо шилдэг гурван ментийг шалгаруулан, дараагийн шатны хөтөлбөрт хамруулахаар сонгов. Шалгарсан ментий нар нь төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай  менторуудыг  таван сарын турш дагалдан, чадварлаг төрийн албан хаагч болон төлөвших юм.  

“Цаашид ийм хөтөлбөрүүдийг олон хэлбэрээр зохион байгуулж, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага их байгааг энэ удаагийн сургалт харууллаа. Менторшип хөтөлбөрт хамрагдсан  залуус тус хөтөлбөрөөс мэдсэн, сурсан, ойлгосон зүйлээ хамт олон, найз нөхдөдөө түгээснээр энэ хөтөлбөрийн үр дүн гарна” гэдгийг НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд онцолж байлаа.  “Нийслэл-110” менторшип хөтөлбөрт оролцож чадаагүй залуус дараа, дараагийн хөтөлбөрүүдэд хамрагдах үүд хаалга нээлттэй гэдгийг ч мөн хэллээ.

“Нийслэл-110” менторшип хөтөлбөрийн нэгдүгээр шатны хаалтын ажиллагаанд В.Баярсайхан уригдаж, ”ЭдТэк гэж юу вэ? Цахимаар суралцах нь” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбээр 2005 оноос хойш АНУ-д Amazon болон Dell компаниудад ажиллаж байсан, BizNetwork, LendMN зэрэг бүтээлүүдийг зах зээл дээр амжилттай гаргасан туршлагатай бөгөөд одоогоор боловсролын салбарын чанар болон хүртээмжийг сайжруулах зорилгоор технологи дээр суурилсан TomYo эко системийг хөгжүүлж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буй “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийн нэгдүгээр шат өндөрлөлөө. Дараагийн шат таван сарын турш үргэлжилнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа