Судалгаанд хамрагдсан сурагчдын 53.2 хувь нь ямар нэгэн тамхин бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн байна
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай” мэдээллийн хүрээнд тамхины хэрэглээний талаар хийсэн судалгаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.
Тэрбээр мэдээлэлдээ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2019 онд ДЭМБ-ын баталсан аргачлалаар “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгааг хийсэн. Судалгаагаар нийт хүн амын 24.2 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 43.7, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тогтмол тамхи татдаг гэсэн дүн гарсныг тодотгоод Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ, НЭМҮТ-тэй хамтран “Дэлхийн залуучуудын тамхины судалгаа-2019” Монгол Улсын тайланг эцэслэн гаргаж, тоо баримтын хуудсыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс хянаж, эцэслэн баталгаажуулсан. Уг судалгаа нь залуучуудын тамхины хэрэглээний зан байдал, мэдлэг, хандлага, итгэл үнэмшлийн талаарх маш чухал мэдээллийг багтаасан төдийгүй эрүүл мэнд, нийгэм, боловсролын хөтөлбөр, арга хэмжээнд мэдээлэл өгөхөд ашиглагдах бөгөөд хэвлэгдэхэд бэлэн болсон гэж байлаа.
Уг судалгааг Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн 13-15 насны 7-9 дүгээр ангийн нийт 4.474 сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд хийсэн. Судалгаанд хамрагдсан сурагчдын 53.2 хувь, үүнээс хөвгүүдийн 63.5, охидын 42.7 хувь нь ямар нэгэн тамхин бүтээгдэхүүнийг татаж үзсэн байна. Нийт сурагчдын 6.1 хувь, үүнээс эрэгтэй сурагчдын 6.4, эмэгтэй сурагчдын 4.1 хувь нь өдөрт 6 ба түүнээс дээш ширхэг янжуур өдөр бүр тогтмол хэрэглэдэг эрсдэлтэй гарсан. Электрон тамхийг 13-15 насны нийт залуусын 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон ба бусад орны үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байна. Сурагчдын 82,9 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг бол 5,4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр тамхийг үнэгүй авсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин дунджаар 13.3-15.4мг байдаг бол электрон тамхины найрлагад никотин 0,5-15.4мг агуулагддаг байна. Мөн электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга гэх мэт хортой химийн нэгдлүүд, диацетил зэрэг амт оруулагч хортой бодисууд агуулагдаж байдаг. Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр тамхины хорт шинж чанарыг багасгаж болдог гэсэн ташаа ойлголт түгээмэл байна. Тамхинд никотины хэмжээг багасгаснаар тамхи бага хортой болдог талаар шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо олон улсын хэмжээнд байхгүй бөгөөд энэ аргыг тамхи үйлдвэрлэгч өөрсдийн бүтээгдэхүүнээ олноор нь борлуулах маркетингийн нэг арга болохыг ДЭМБ-аас улс орнуудад анхааруулсан гэв.
Мөн тэрбээр, манай улсад тамхины импортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. 2018 онд нийт 2055 сая ширхэг янжуур тамхи импортолж байсан бол 2021 онд 3069 сая ширхэгт хүрч өссөн байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ-аас хамтран 2021 онд хийсэн ”Тамхины хяналтын суурь конвецын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны эдийн засгийн загварчлал”-ын үр дүнгээс харахад Монгол Улс эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8,7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байгааг онцлоод тамхины хэлбэр өөрчлөгдөж, электрон, усан, халаадаг төрлүүд шинээр гарч, онлайн худалдаа нэмэгдэж, ил задгай байрлуулж, тамхи татах сэдлийг төрүүлж, сурталчилгааны хяналтгүй орон зай бий болгож байгаа нь хяналт, зохицуулалтыг сайжруулах бодит хэрэгцээ үүсээд байна. Иймд Монгол УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 136 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулахаар Эрүүл мэнд, Хүнс Хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэж байлаа.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс электрон тамхийг олон нийтийн газар, битүү орчинд татахыг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, тамхийг онцгой албан татварт хамруулах зэргээр холбогдох хуулийн төслүүдийг яаралтай боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж, зургадугаар сард багтаан батлуулахад Эрүүл мэндийн яам шуурхай ажиллах нь зүйтэй гэсэн саналыг илүүтэй илэрхийлж байлаа.
Ингээд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд тамхины хэрэглээг хорих зарим арга хэмжээний тухай Байнгын хорооноос тогтоолын төсөл боловсруулсныг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган, өөрчлөн найруулж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Сэтгэгдэл