Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 108 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 600 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

- Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын III хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тус дүүргийн 12 дугаар хорооны цагдаагийн хэсгийн байранд иргэн О-г онц харгис хэрцгий аргаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх;

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Э нь иргэн Б-ийн хүүхдийн холбогдсон хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10.000.000 төгрөгийн хахууль авсан гэх;

- Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт нэр бүхий компанид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгож, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 06 дугаартай гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;

- Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга С нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн захирал Б-ыг албан тушаалын байдлаа ашиглан дарамтлан, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулах аргаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг нэр бүхий компанид албан хүчээр худалдан борлуулж, нүүрсний мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх;

- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц нь албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Зөрчлийн хуулиар торгож байна гэх нэрийдлээр иргэн А-аас бэлэн мөнгө авсан гэх.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа