Орчин цагийн Цагдаагийн байгууллагын 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэхүү түүхт ойн хүрээнд цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, харилцаа хандлагыг дээшлүүлэх хэлбэрээр олон талт арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулан ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд Дотоодын цэргийн Төвийн бүсийн тусгай салбаруудын дунд Спортын бага наадам зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. 

     Бага наадам сагсан бөмбөг, олс таталт, ширээний теннис гэх мэт спортын зургаан төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Дотоодын цэргийн тусгай салбарууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийнхаа бүтээн байгуулалттай танилцуулах аж. 

     Тэмцээнд Дархан уул аймаг дахь Дотоодын цэргийн 822-р тусгай салбар, Орхон аймгийн Усны эх үүсвэрийг хамгаалах 821-р тусгай салбар, Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт хамгаалалтын 816-р тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцож байна. 

     Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816-р тусгай салбарын захирагч, хурандаа Ц.Баянмөнх: “1978 оны 7-р сарын 19-нд  Эрдэнэт үйлдвэрийн харуул хамгаалалтын 816-р тусгай салбар анх байгуулагдсан түүхтэй. Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн ууган байгууллагын нэг. Өөрөөр хэлбэл байгуулагдсан цагаасаа 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай улсын онцгой объектын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Нийт 22 постод үүрэг гүйцэтгэдэг. Мөн манай Цагдаагийн газрын харьяа 822-р тусгай салбар Эрдэнэт хотын цэвэр усны эх үүсвэрийг 24 цагаар зургаан постод хамгаалах үүрэг гүйцэтгэж байна. Ташрамд тэмдэглэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас “Байгалиа бүтээе” нөлөөллийн аян зарласан. Энэ аяны хүрээнд манай байгууллагууд амьдрах орчноо тохижуулах зорилгоор мод тарьж ургуулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалт зохион байгуулж ажиллана” хэмээн онцлов. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа