Шинэ Нисэх буудлын хилийн хяналт, гаалийн ажилтан албан хаагчдын тоог нэмэгдүүлж, зорчигчдод түргэн шуурхай үйлчлэх зохион байгуулалтыг яаралтай хийж ажиллахыг даалгав.

Урин дулаан цаг ирж, гадаадаас ирэх зочид төлөөлөгчид, жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор нисэхийн гаалийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд Шадар сайд С.Амарсайхан “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд ажиллалаа.

Нисэх онгоцны буудалд үдэлж буй зорчигчдод аль болох түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд үйлчлэхийн тулд хил, гаалийн албан хаагчдын тоог нэмэгдүүлж, зорчигчдын бөөгнөрлийг багасган, шалган нэвтрүүлэх хэсэгт дараалал үүсгэхгүй байх тал дээр анхаарч, онгоцны хуваарийн ачааллыг тэнцвэржүүлэх хугацаатай үүргийг холбогдох албаныханд өглөө.

Түүнчлэн цар тахлын үед бөглүүлж байсан асуумжийг одоо ч хэвээр үргэлжлүүлж буйг зогсоохыг даалгав. Шадар сайд энэ үеэр “Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, иргэд аж ахуйн нэгжийн ашиг, орлого тааруу байгаа энэ үед ажил амьдрал, бизнесээ залгуулах гэсэн, аялал зугаалга, эмчилгээ, оношилгоонд явах гэсэн, яваад ирсэн зорчигчдыг удаан хүлээлгэж ачаа барааг нь шалгах нэрээр хүнд суртал гаргаж залхаахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал байна.

Ялангуяа хоёр жил шахам хориотой байсан аялал жуулчлалын салбар жаахан өндийж сэргэх боломж гарч байгаа энэ үед манай нисэхийнхэн дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй” гэсэн юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа