УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцсэн. 

Энэ талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар танилцуулав.

УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед УИХ-ын даргаас хянан шалгах түр хороо байгуулах үндэслэл, тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг тогтоолын төсөлд тодорхой тусгах гүйцээн боловсруулах чиглэл өгч Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсгийг үндэслэн тус асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Байнгын хороонд буцаасан билээ. Төсөл санаачлагчид 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан тогтоолын төслийн үндэслэл, сэдэв, хүрээ хязгаарыг хуульд нийцүүлэн тогтоосныг Байнгын хороонд албан бичгээр ирүүлсэн.

Байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үндэслэл, сэдэв, хүрээ хязгаарыг тогтоосон саналыг нэг бүрчлэн хэлэлцэн дэмжсэн гэдийг С.Ганбаатар гишүүн танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр,  тогтоолын төсөлд хүний эмийн чанарын хяналт шалгалтын хүртээмж, тогтолцоо, үр дүн; хуурамч болон стандарт бус эмийн нийлүүлэлт, хэрэглээ; эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ гэсэн чиглэлээр хүрээ хязгаарыг тогтоосон байна. Үүн дээр эмийн үнийн бодлогыг нэмж тусгах саналтай байгаагаа илэрхийлээд Байнгын хорооны зүгээс анхааралдаа авахыг хүссэн. 

Ингээд  Байнгын хорооны саналаар "Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.2 хувь нь  дэмжлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа