ШУА-ийн академич Ж.Тэмүүжин Эрдэнэт үйлдвэрийн судлаач, инженерүүдэд лекц уншлаа
Тэрээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн бичих, олон улсад өөрийгөө хэрхэн таниулан үнэлүүлэх, олон улсын мэдээллийн том сангуудаас хайлт хэрхэн хийх, мэдээллээ хүлээж авах, өгүүлэл бичиж өөрийгөө таниулах арга замыг заасан.
Энэ үеэр түүнтэй уулзахад, “Бидэнд хамтарч ажиллах, хамтдаа хөгжих боломж их байна гэж харж байна. Оюутолгой зэрэг томоохон компаниуд судалгаа, шинжилгээний ажлаа гаднын компаниудаар өндөр өртгөөр хийлгэж байгаа бол Эрдэнэт үйлдвэр тодорхой хөрөнгө зарцуулан Судалгаа, шинжилгээний төвөө хүрээлэн болгож өргөжүүлэн бэхжүүлж байгаа нь талархууштай. Хүрээлэндээ энэ чиглэлийн судлаач эрдэмтдийг оролцуулж, ажлаа үнэлж цэгнэдэг эрдмийн зөвлөлтэй болохоор бэлтгэж байгаа нь томоохон дэвшил. Дэлхийн уул уурхайн салбарт Монголыг таниулдаг гурван том төслийн нэг 40 гаруй жилийн туршлага хуримтлуулсан Эрдэнэт үйлдвэрт ирээдүйг харж хөгжих боломж бий гэж үзэж байна. Энэ том үйлдвэрт тодорхой хэмжээний мэдлэг хуримтлагдаж, маш их судалгаа хийгдсэн байна. Тухайлбал үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, цагаан тоосыг дарах арга зам, нөөц дууссаны дараа Эрдэнэт хотыг ямар чиглэлээр хөгжүүлэх гэхчлэн. Түүнийг олон нийтийн хүртээл болгох, бусад үйлдвэрийн газар, уурхайд нэвтрүүлж, улмаар улс орны эдийн засагт илүү хувь нэмэр оруулах боломж бий. Түүнчлэн цаашид хийхээр төлөвлөж буй олон төсөлд Шинжлэх ухааны академитай хамтран ажиллаж, үр дүнд хүрэх боломж байна” хэмээн ярив.
Тэрчлэн, Монгол улсын хэмжээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ганц сэтгүүл “Mongolian Journal of Chemistry”-ийн ерөнхий редактор академич тэрээр Эрдэнэт үйлдвэр олон улсын түвшинд хүрсэн судалгааны сэтгүүлтэй болох хэрэгтэй. Сэтгүүлээрээ дамжуулан өөрсдийн бүтээлээ дотооддоо төдийгүй, олон улсад танилцуулах нь зүйтэй. Энэ чиглэлд бид хамтран ажиллах боломжтой гэж онцлов.
Сэтгэгдэл