Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллан иргэдтэй уулзаж, тулгамдсан  асуудлыг сонсон хариулт, мэдээлэл өглөө.

11-11 төвд өдөрт 500 орчим  өргөдөл, гомдол, санал ирдэг бөгөөд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзаж, тулгамдаад буй асуудлаа шийдвэрлүүлэхээр Орхон, Булган аймаг зэрэг хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдээс ч иргэд олноор ирсэн байв.

Иргэд энэ үеэр:

- эрүүл мэнд,

- нийгэм,

- эдийн засгийн асуудлуудыг хөндөж,

- эм эмийн хэрэгслийн хангамж, нөөц

- Ипотекийн зээлийн хүүг бууруулах,  

- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах,

- Улаанбаатар хотын газрын асуудал,

- барилгын чанар аюулгүй байдал,

- улсын комисст ажилладаг төрийн албаныхны хүнд суртал,

- авлига, хээл хахууль

- үнийн өсөлт зэрэг олон асуудлаар асууж, тодруулж байлаа.

Шадар сайд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болох МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний хэмжил зүйн төвийн удирдлагууд тухайлсан асуудлаар хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, заримыг нь холбогдох газраар шийдвэрлүүлэх хугацаат үүрэг даалгавар өглөө.

Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс иргэд олон нийтийн өмнө тулгамдсан асуудлыг нээлттэй сонсож,  шуурхай шийдвэрлэх хүрээнд Засгийн газрын гишүүдийг 11-11 төвд ажиллуулж байгаа. Зүгээр нэг сонсоод өнгөрөх бус, иргэдэд тулгамдсан асуудлыг аль болохоор богино хугацаанд шийдэхийн төлөө холбогдох бүх шатанд нь хандаж шийдвэрлүүлэх, шийдсэн эсэх мэдээллээ эргээд 11-11 төвөөр болон холбогдох төрийн байгууллагаар дамжуулан нээлттэй мэдээлэх болно. 16 жилийн турш газрын асуудлаа шийдүүлж чадахгүй, цөхрөнгөө барсан иргэд ч өнөөдөр ирж уулзаж байна.

Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд иргэнээ сонсдог, нээлттэй засаглалыг ард түмэн хүсэж байна. Эргэж хараад умартдаг бус, нэг ч гэсэн асуудлыг нь шийдэхийн төлөө эцсээ хүртэл явах хэрэгтэй. Хэмнэлтийн горимын бодлогыг манай агентлагууд сайтар дэмжин хэрэгжүүлж байгаа шиг энэ тал дээр ч манлайлж ажиллах ёстой" хэмээн энэ үеэр онцолж хэлсэн юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа