Залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн 2022 оны сургалт, үйл ажиллагаа эхэллээ
Энэ жилийн хөтөлбөрт эхний хөтөлбөрийн манлайлагч оролцогчдоос гадна үйлдвэрийн цех нэгжийн 35 хүртэлх насны шилдэг 100 ажилтан шалгаран, хамрагдаж байгаа аж. Хөтөлбөрийн үйл ажиллагааг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Хүний нөөцийн албаны дарга Д.Одгарьд нар нээж, зорилго ач холбогдлын талаар онцолсон юм. Залуу ажилтнуудын хүсэл зорилго, тэмүүллийг үйлдвэрийн цаашдын бодлого, зорилтод шингээж, хөгжүүлэх, тэрхүү хөгжсөн залуу ажилтнуудаар хүний нөөцөө бүрдүүлэх алсын хараа, чиг бодлого энэ хөтөлбөрийн гол чиглэл болно гэдгийг тэд тодотгосон. Энэ он дуустал үргэлжлэх “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөрийн хэрэгжилт хувь хүний хөгжил, өөрөөр хэлбэл залуу ажилтны мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, манлайллыг хөгжүүлж, зөв хандлагатай, хариуцлагатай, тогтвортой ажиллах хүсэл эрмэлзлийг төлөвшүүлэхэд бүхий л үйл явцаа зориулна. Тухайлбал, оролцогчдын хандлага, ур чадварыг тодорхойлох, өөрийн хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, үр дүнг тодорхойлох гэх зэрэг үе шаттай хэрэгжинэ.
Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Карьер хөгжлийн мастер зөвлөх Ц.Бадамхатан “Хувь хүний хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”, Сэтгэл зүйч, Лектор Г.Наранбаатар “Хандлагын өндөр ямар байна, амжилтын өндөр тийм байна”, Лектор Г.Мөнгөн “Санхүүгийн сэтгэлгээ” зэрэг сэдвээр бүтэн өдрийн турш сургалт орж байна.
Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн хөгжлийн “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөр, “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөр, “Залгамж” хөтөлбөр, “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөр гэсэн дөрвөн цогц хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.
Сэтгэгдэл