Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ойн инновацын парк байгуулж, энэ салбарт хувьсал хийхээр Швед улсын мод үржүүлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Шведийн хаант улсын “Садкора Форестри”, “Би Си Си” компанийн удирдлага, мод үржүүлгийн технологич мэргэжилтнүүд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрт ажиллахдаа Монголд анх удаа байгуулагдаж буй 1000 тонн үрийн агуулах буюу Ойн генетик нөөцийн төвийн байгууламжтай танилцаж, нэн ховор, ашигт ургамлуудын генетик нөөцийн хамгаалал, үрийн банк, хөрсний төв байгуулах, тарьц, суулгац үржүүлгийн чиглэлээр санал солилцсон юм.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын “Шар тал”-д мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөснийг газар дээр нь очиж үзлээ. Энд Шведийн орчин үеийн бүрэн автоматажсан технологийн шийдэл, инновацыг нэвтрүүлэх талаар хоёр талын мэргэжилтнүүд санал солилцож, уур амьсгал, хөрс, газар зүйн үндсэн байдалтай биечлэн танилцсан. “Шар тал”-д зөвхөн мод үржүүлгийн газар биш ирээдүйд аялал жуулчлалын нэгэн цэг, улсын хэмжээний ойн сургалтын төв бий болох юм, гэж Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга, доктор Я.Ариунзул ярилаа. Түүнээс гадна үрийн цэцэрлэгт хүрээлэн, ойг зөв арчилбал ямар байдгийг харуулсан ойн сургалтын үзүүлэн талбайнуудыг ч бэлтгэхээр төлөвлөснөө танилцуулсан.   

Швед улсад модыг “ногоон алт” хэмээн нэрлэдэг бөгөөд ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх замаар ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулсан арвин туршлагатай. Монголын мод үржүүлгийн газруудад тарьж буй үрийн 50-60 хувь нь ургаж байгаа бол Шведийн мод үржүүлгийн технологи нэвтрүүлснээр үрийн соёололтыг 95 хувьд хүргэх, суулгацыг 2-3 жил ургуулж байж ойжуулалтад гаргадаг байсан бол нэг жилийн хугацаанд гаргах нөхцөл бүрдэх ажээ. Түүнээс гадна Швед технологиор нэг сая үрийг гурван өдөрт суулгах боломжтой гэж “Би Си Си” компанийн технологич Андрес Бернер танилцууллаа. 

Энэ үеэр Швед улсын “Садкора Форестри” компанийн төлөөлөгч  Нилс Өү Веаргаарден хэлэхдээ, “Монгол улс маш том зорилго дэвшүүлсэн. Түүндээ хүрэхийн төлөө  олон хүн зэрэг хөдөлж байна. Ийм их хүсэл эрмэлзэл байхад зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэл төгс байж болно. Ойн экосистемд биологийн олон янз байдал онцгой чухал бөгөөд олон төрлийн мод, ургамал бүхий ой илүү эрүүл, тэсвэртэй байдаг. Ийм учраас Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын ойн генетик нөөцийг хамгаалахад анхаарал хандуулж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна” хэмээн онцолсон юм. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ойн салбарт шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлснээр мод тарих үйл ажиллагаанд том дэвшил гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа