“Эрдэнэт медикал” эмнэлэг Магадлан итгэмжлэлийн батламжаа хүлээн авлаа
Мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах энэхүү тусгай зөвшөөрөл болон Магадлан итгэмжлэлийн батламжийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гардуулав.
Тэрээр энэ оныг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-ний жил болгон зарласан талаар мэдээлж, эмч ажилчдадаа, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэгээн үйлст нь амжилт хүслээ. Уг ёслолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг , Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагааг зүгшрүүлж, амжилттай ажиллуулж ирсэн хамт олны санал санаачилгыг Засгийн газраас дэмжин судлаад төрд, үйлдвэрийн харьяанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Эрдэнэт медикал эмнэлгийнхэн үйлдвэрийн 7000 ажилтан, ахмадууд, МШӨ-ний улмаас групп тогтоолгосон 10 мянган ажилтан, тэдгээрийн гэр бүл нийт 20 мянган иргэн, мөн бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлнэ. Монгол улсдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үйлчилгээний соёлоор жишиг загвар болохуйц эмнэлэг байх ёстой. Иймээс эрүүл мэндийн үйлчилгээг улсын хэмжээнд хүргэх том хариуцлага бид бүхнийг хүлээж байна. Бид үүрэг хариуцлагаа ухамсарлан сайн ажиллах болно” хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлов.
Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн харьяанд очсон тус эмнэлгийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулахад, “Энэ эмнэлгийг тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан албан тушаалтан Монгол Улсын хууль дүрмийг зөрчин хувийн хэвшилд олон жилийн хугацаатай хувьчилж шилжүүлсэн байдаг. Үүнийг эрх бүхий байгууллага нягталж шалгаад Монгол Улсын хэд хэдэн хууль зөрчсөнийг тогтоож энэ шийдвэрийг буцаах шийдвэр гаргасныг та бүхэн мэднэ. Тэгээд энэ эмнэлгийг төрд буюу Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын түвшинд цаашид “Эрдэнэт медикал” эмнэлгийг хэрхэн ажиллуулах талаар судалж ярилцлаа. Энэ эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрсэн, ажлын арвин туршлагатай боловсон хүчний нөөцтэй, техник технологи сайтай, барилга байгууламж дэд бүтэцтэй нь онцлог. Тиймээс бид энэ эмнэлгийн хүрсэн түвшнийг алдагдуулж болохгүй гэж үзсэн. Тэгэхээр төр хүрсэн түвшнээс нь үйл ажиллагааг нь сайжруулж авч явах ёстой гэсэн зарчмыг барьсан. Нөгөө талаар тус эмнэлгийг хүлээн авах үед эмч ажиллагсадтай уулзалт хийсэн. Энэ үеэр эмнэлгийн эмч ажилчдаас Эрдэнэт үйлдвэрийн харьяанд үйл ажиллагаа явуулах талаар судалгаатай санал хүсэлт гаргаж байлаа. Энэ бүх нөхцөлийг харгалзан “Эрдэнэт медикал” эмнэлгийг шинэлэг бүтцийн удирдлагаар хангах шийдвэр гаргаад ажиллаж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн харьяанд авах шийдвэр гаргасан. Ингэхдээ Эрүүл мэндийн яам бодлого үйл ажиллагааг нь хариуцна. Өөрөөр хэлбэл санхүү хөрөнгийн тухайд Эрдэнэт үйлдвэрт харьяалагдана. Мөн боловсон хүчний бодлогод Эрдэнэт үйлдвэр оролцоно. Харин мэргэжил арга зүйн хувьд нь Эрүүл мэндийн салбар хариуцаад явна гэсэн үг. Ийм хосолсон бүтэцтэй байхаар шийдвэрлэсэн. Энэ хэлбэрээр дүрэм нь батлагдсан. Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зөвшөөрөл, батламжийг албан ёсоор гардууллаа. Цаашид “Эрдэнэт медекал” эмнэлэг улсын чанартай эмнэлэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хандлагатай болж байна. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн харьяанд ирснээрээ тус эмнэлэг хөрөнгө санхүүжилтийн хувьд асуудалгүй үйл ажиллагаа нь хэвийн явагдана” гэв.
Сэтгэгдэл