Ерөнхий сайд төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа
Өмнө нь нийслэлд жилд 40 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол энэ оносс 420 болгож нэмэгдүүлсэн нь түүхэн шийдвэр, ажил хийх боломж гэдгийг Ерөнхий сайд мөн хэлж байлаа. Энэ хөрөнгө оруулалтын эхлэл болгож, нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна.
Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн хийж, 1000 автобусыг шинээр үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа нийт автобусны 93 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ. 2009 онд хуучин 400 автобус авснаас хойш парк шинэчлэл хийгээгүй.
Энэ жил 500 орчим автобус ашиглалтаас гарах юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 17 компанийн 960 орчим автобус 101 чиглэлд үйлчилгээнд явдаг. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар буюу оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог байна. Иймд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яриандаа онцлоод, төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа. Мөн тэрбээр “Жолооч, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангасан, Монгол орны цаг уурт тохирохуйц, өвөл цонх цантахгүй, тусгай хэрэгцээт иргэдийн шаардлагыг хангасан автобусны парк шинэчлэлийг хийж чадвал түгжрэлийг бууруулах томоохон шийдэл болно” гэв.
Нийслэлд сургуулийн 140 автобус шаардлагатай байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хэлж байв. Энэ асуудлыг үе шаттай шийдэхээ Ерөнхий сайд хэлж, нийтийн тээврийн оргил ачааллын үе буюу наймдугаар сарын 25-наас өмнө 591 шинэ автобусыг авчрах, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Сэтгэгдэл