Уурхайчид “Эрдэнэт мандал” овоогоо тахилаа
Мөн тэнгэр хангайд өргөн сонордуулах айлтгал бичгийг Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх олонд зарлан сонордуулав. Тэрбээр:
”Нийтийн тооллын
Нэгэн мянга 701 оноос
Бурхан шүтээнээ тахиж
Буурал хайрхнаа тайж ирсэн
Даян дэлхийд өглөгч хайрхан тандаа
Даатгал залбирлаа сонордуулах мину
Эцэг тэнгэр
Этүгэн эх газар дэлхийн шүтээн
“Эрдэнэт мандал” овоо хангай тандаа
Айлтгалаа соёрхож
Аврал одуулан залбирму
Уурхайн гүнд эрдэнэсээ хадгалж
Улс гүрнээ тэжээн тэтгэсэн
Ард олноо
Аврал ивээлдээ багтаан
Аюул гамшгаас гэтэлгэн
Ач буянаа хайрласан
Тэнгэр, сахиус, газрын эзэн тандаа
Түмэн олноо даатган залбирму
Үр өгөөжөө бидэндээ харамгүй хайрлан
Улс орны хөгжлийг түүчээлэн тэтгэсэн
Өглөг буянтан Эрдэнэт мандал овооны эзэн тандаа
Үйлдвэрлэл осолгүй, амин гарзгүй
Үйлс бүтэмжтэй, амжилт арвин явахыг
Нарт хорвоод
Наманчлан сонордуулж
Өсөн дэвжиж,өрнөн дэлгэрэхийн
Өлзий хутгийн,өлмийд тань сөгдөн
Дүүрэн жаргалтай
Түвшин амгалан амьдрахын ерөөл айлтгалыг хүлээн авна уу”
хэмээн уншиж тахилгын галд өргөв. Дараа нь Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан тэнгэрт дуут сум тавьж, үйлдвэрийн удирдлагууд тахилгын идээ шүүсийг хөндөн дээжийг овоо, хангайд өргөсөн юм. Түүнчлэн Бурхан багшийн Сэрэг дүрийн “Жалдан жанчүвлин” хийдийн тэргүүн, гэвш лам Б.Мөнхтогоо Жамсран сахиусны хүлэг болох бор морийг сэтэрлэх зан үйл үйлд зориулсан ном айлдлаа. Морины хүзүүнд хадаг уяж, айргаар мялаан, овоог нар зөв гурав тойрон гороолов. Төгсгөлд нь дэвжид сэржим өргөн, даллага авч, ерөөл уншсанаар Эрдэнэт мандал овоо тахилгын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Сэтгэгдэл