- Сэтгүүлч
- 2022/06/27
- 342
Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системд бүртгэх сургагч багш бэлтгэх сургалт боллоо
Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний ногооны тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор стандартын шаардлага хангасан, зах зээлд худалдан борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоо (байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, хэмх, лооль, чинжүү, навчит ногоо)-ны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон. Тариаланчид, ногоочид энэхүү урамшуулалд хамрагдахын тулд:
- Газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлсэн байх (egazar.gov.mn)
- Газар тариалангийн нэгдсэн систем (plant.mofa.gov.mn)-ийг тогтмол хөтөлж, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх
- Хүнсний ногооны борлуулалтыг и-баримт (e-barimt.mn) үүсгэн баталгаажуулсан байх гэсэн үндсэн гурван шаардлагыг хангасан байх ёстой.
Хүнсний ногоочдод урамшуулал олгох бэлтгэл ажлын нэг болох “Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн сан” цахим бүртгэл, хяналтын системд тариаланчид, ногоочдыг бүртгэж, заавар зөвлөгөө өгөх сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төв, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс, Монголын тариаланчдын үндэсний холбоо, “Монгол ногоо”, “Усалгаатай хөдөө аж ахуй” төслөөс хамрагдав.
Уг сургалтад хамрагдсан сургагч багш нар 21 аймгийн 100 сум, нийслэлийн 9 дүүргийн хүнсний ногооны тариалан эрхэлж байгаа ногоочдыг “Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн систем”-д бүртгэж, цаашид хэрхэн ашиглах заавар зөвлөмжийг өгөх юм.
Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагууд сургалтын бэлтгэлийг сайтар базааж, нэгдсэн систем, урамшуулал олгох тухай видео шторк, гарын авлагыг түгээхэд хамтран ажиллахыг уриалж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл