Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хязаалан болон их  насны морьдын уралдаан болохын дээр жороо морь уралдуулдаг онцлогтой. Даншиг наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын хурал өнөөдөр боллоо. Хурлаар хурдан морины уралдааны морины бүртгэл болон уралдааныг хэрхэн зохион байгуулах тухай, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хэлэлцсэн юм.

МОРЬД ДАВХАР УЯАТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТУЛ УРАЛДАХ ЗАЙГ БАГАСГАСАН

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурдан морины уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, хурандаа Г.Ялалт:

-Наймдугаар сарын 6-ны өдөр 11 цагаас жороо морины уралдааныг зохион байгуулах бол наймдугаар сарын 7-ны өдөр хязаалан, их насны морьдын уралдааныг Хүй долоон худагт зохион байгуулах юм. Уралдах морьдыг наймдугаар сарын 5-ны өдөр бүртгэнэ. Даншиг наадмын морины уралдаан Үндэсний их баяр наадмын морины уралдаанд баримталдаг зарчмаар явагдана. Үндэсний их баяр наадмын хууль болоод Засгийн газраас баталсан Хурдан морины уралдааны дүрмийн дагуу бүхий л наадам, уралдаан явагддаг. Тэгэхээр уралдуулах морьдын сэрвээг хэмжинэ. Үүнд нэмэлт тайлбар хийх нь илүүц болов уу.  Хурдан морины уралдааныг зохион байгуулахад Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон манай НЗДТГ-ын Цэргийн штаб бүрэлдэхүүнээрээ, даатгалын байгууллагууд ажиллаж байна. Унаач хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд илүүтэй анхаарч ажиллаж байгаа.

-Уралдааны маршрутад өөрчлөлт орох уу?

-Үндэсний их баяр наадмаас хойш аймаг, сумдын ойг өргөн хэмжээнд тэмдэглэлээ. Бүсүүдийн уралдаан ч зохион байгуулсан. Тиймээс морьд давхар уяатай байж болзошгүй. Тиймээс Нийслэлийн Морин спорт, уяачдын холбоо болон бусад холбоодоос гаргасан саналыг үндэслээд хоёр насны уралдааны зайг татаж багасгасан. Тухайлбал, их насны морьдын наадмаар хязаалан насны морьд уралддаг зайд уралдуулъя гэж шийдсэн. Энэ нь ойролцоогоор 17-18 км. Хязаалан насны морьдыг 13-14 км буюу Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралддаг зайд уралдуулах юм.

ХҮҮХЭД АЙДАС ТҮГШҮҮРТЭЙ БОЛ УРАЛДААНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨДӨГ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Оюунтуяа:

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу наймаас доош насны хүүхдүүдийг хурдан морь унуулахгүй байгаа. Хуулийн дагуу наймаас дээш насны хүүхдүүдийг морин уралдаанд оруулна. Түүнээс гадна морь унах гэж байгаа хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрөл авсан байхын дээр даатгалд хамруулсан байх ёстой. Унаач хүүхдийн хувцас хэрэглэл нь стандартын шаардлага хангасан эсэх, хүүхэд сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа эсэхийг лавлаж тодруулдаг. Хүүхэд айдас түгшүүртэй бол уралдаанд оролцуулахгүй байхыг уяачид, асран хамгаалагчдад зөвлөдөг.

Даншиг наадам бол олон нийтийг хамарсан арга хэмжээ. Олон нийтийн арга хэмжээний үеийн хүүхэд хамгааллын заалтууд бий. Жишээлбэл, морины бүртгэлтэйгээ нийлсэн гурван өдөрт хүүхэд төөрөх, осолдох гэх мэт болзошгүй тохиолдлуудад эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх хүртэл хүүхдийг хамгаалан ажиллана. Зөвхөн хурдан морь унаач хүүхдүүд төдийгүй баяр наадам үзэхээр очсон хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд давхар анхаарал хандуулж, хяналт хийж, зөвлөн тусалж, холбон зуучлах ажлыг хийхээр бэлтгэлээ хангаж байна.

-Даншиг наадмын үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр хэчнээн ажилтнууд ажиллах вэ?

-Хүй долоон худаг бол Сонгинохайрхан дүүргийн нутаг. Тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон манай Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 15 ажилтан, албан хаагчид ажиллана.

-Уралдааны үеэр хүүхэд гэмтэж, бэртэх эрсдэлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээнд хэрхэн анхаарах вэ?

-Бидний хамгийн их анхаарал хандуулдаг асуудал бол энэ. Хүүхэд хамгааллын асуудал бол салбар дундын асуудал учраас бид Эрүүл мэндийн газар, даатгалын байгууллагуудтай хамтран ажилладаг гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа